Хятадад элэгний B вирусийн эсрэг тарилга хийлгэсний улмаас нас барсан хүүхдүүдийн тоо наймд хүрээд байгаа тухай “Синьхуа” мэдээллээ. Хамгийн сүүлд Сычуань мужийн эмнэлэгт өнгөрсөн ням гаригийн үдээс хойш вакцин хийлгэсэн нярай даваа гаригт эндсэн байна. Засгийн газрын Дархлаажуулах хөтөлбөрийн шугамаар хүлээн авсан вакцин хэд хэдэн хүүхдийн аминд хүрсэн тул Хятадын эрүүл мэндийн шинжээчид шалтгааныг нь тодруулахаар ажиллаж эхэлжээ. Юуны өмнө эл вакциныг үйлдвэрлэсэн компани руу шинжээчдийг илгээсэн бөгөөд Шэнжэнь хотод байрлах “BioKangtai” эмийн үйлдвэр дээрх тарилгуудын аюулгүй байдлыг бүрэн шалгаснаа мэдэгдээд тэдгээр хүүхэд тохиолдлоор нас барсан хэмээн үзэж буйгаа хэлсэн байна.
Одоогийн байдлаар Хятадын өмнөд Гуандун мужид ийм вакцин хийлгэсэн дөрвөн хүүхэд эндсэний нэг нь уушгины хатгаанаас болж нас барсныг хожим тодруулжээ. Харин Хунань мужид хоёр, Сычуань мужид нэг хүүхэд мөн л адил замаар эндээд байгааг Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комиссоос мэдээлсэн байна. Өнгөрсөн даваа гаригт Сычуань мужийн Мейшан хотод эндсэн нярайд “BioKangtai” үйлдвэрийн бус, Бээжин дэх “Tiantan Biological Products” компанид үйлдвэрлэсэн вакциныг хийсэн бөгөөд түүнээс хойш 24 цагийн дараа амьсгал хураажээ.
“BioKangtai” компанийн эмийн бүтээгдэхүүн хэрэглэхийг Хятадын эрх баригчид өнгөрсөн баасан гаригаас хориглоод байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН