Өмнөд Суданы цус урсгасан тэмцлийг эцэслэх, иргэдийг үймээн самуунаас хамгаалах үүрэгтэй энхийг сахиулагчдын тоог хоёр дахин нэмэх төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл баталгаажуулжээ. Дэлхийн нэн шинэ гүрэн болох Өмнөд Суданд сүүлийн арав хоногийн дотор мянга гаруй хүн нас бараад байна.
Өдгөө 45.000 орчим иргэн Өмнөд Суданд байрлаж буй НҮБ-ын баазаас авран хамгаалал хүсэж буй бөгөөд цэргийн хүчийг 12.500-д хүргэж, мөн тэнд ажиллаж буй цагдаагийн тоог 1323 болгож нэмэгдүүлэх талаарх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний төлөвлөгөөг 15 гишүүнээс бүрдэх тус зөвлөл санал нэгтэйгээр баталжээ. Гэвч ноён Бан Ги Мүн “Нэмэлт хүч байршуулсан ч Өмнөд Суданы тусламж нэн хэрэгтэй байгаа хүн бүрт бид хүрч чадахгүй байна” гэжээ.
Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Киир болон босогчдын удирдагч Рик Мачар нарыг дайсагналаа зогсоож, төвийг баримталсан улс төрийн хэлэлцээ нэн даруй хийж эхлэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри шавдуулсан гэнэ. Улсын дэд ерөнхийл өгчийн албыг хашиж байсан Мачарыг төрийн эргэлт хийхээр завдсан хэмээн Өмнөд Суданы Ерөнхийлөгч Киир буруутгаснаас үүдэж, энэ сарын 15-нд 10.8 сая иргэнтэй, далайд гарцгүй тус улс үндэстэн, ястнаараа талцаад байгаа билээ. Нийслэл Жуба хотод хоригдож буй улс төрийн хамсаатнуудыг нь суллавал хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Мачар мэдэгджээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нави Пиллэй динка үндэстний 75 цэргийн цогцос Юнити мужийн Бентиу хотоос олдсон тухай мэдээлсэн байна. Үүнийг нуэр үндэстнийг тэргүүлдэг дэд ерөнхийлөгч асан Мачарын хийсэн хэрэг хэмээн үзэж буй бөгөөд Юнити муж босогчдын удирдагч Рик Мачарын хяналтад байдаг тул Жубагийн эрх баригчид энэ бүсэд ямар ч эрх мэдэлгүй гэдгээ учирлажээ.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ