Нууц зүйлс тэр хэвээрээ л үлдэх ёстой боловч хүн төрөлхтний сониуч зан, бүхний учрыг олж мэдэх гэсэн хүсэл бичигдээгүй эл хуулийг байнга л зөрчиж ирэв. Энэ жил ч ялгаагүй. Сайн, муу олон нууцын учгийг тайлж, адармаатай нэгэн оныг үдлээ. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагаас иргэдийнхээ, тэр бүү хэл том гүрнүүдийн удирдагч нарын гар утсыг нууцаар тагнаж байсан нь илэрч, шуугиан тарьсан. Энэ бүхнийг илчилсэн Эдвард Сноуденийг “Time” сэтгүүл “Оны хүн”-ийхээ хоёрдугаарт нэрлэсэн бол, АНУ-ын Засгийн газар түүнийг дайсан, харин ард түмэн нь баатар хэмээн цоллов. Үүнээс гадна дэлхийн 1.2 тэрбум христийн шашинтны хүсэн хүлээж байсан Ромын пап шинээр тодорч, сүүлийн 300 жилд анх удаа Европын иргэн бус хүн буюу Аргентиний хамба Ватинканы тэргүүн суудалд сууж, I Франциск хэмээх шашны нэр хүртсэн бол Их Британийн хааны гэр бүл шинэ хүнээ хүлээн авч, Ханхүү Уильямын хүү Жорж Францис мэндэлсэн даруйдаа сэтэр нь тодорхой болсон.
Египетчүүд анхны ардчилсан сонгуулиар “олж авсан” Ерөнхийл өгчөө төрхөмд нь буцааж, Сирийн дайн улам хурцдаж, дэлхийг өөрчилсөн нөлөө бүхий хүмүүс насан эцэслэж, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар сонгогдсоноосоо хойших хамгийн хэцүү жилээ үдэж буй гэхчлэн саар муу бүхэн тоочишгүй олон болсон ч дэлхий эргэдгээрээ эргэх зуур сайн сайхан зүйл ч бас бишгүй тохиолоо. Европын холбоог олон жил зовоосон эдийн засгийн хямрал намжиж, сүүлийн таван жилд анх удаа тэд “өсөлт” хэмээх үгийг хэрэглэж эхлэв. Дэлхийн хоёр хүчирхэг гүрэн АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүд тангаргаа өргөж, технологийн түүхэнд байгаагүй олон инновац нэвтэрч, ухаалаг гар утасны тэсрэлт боллоо. 2020 оны олимпийг зохиох хотоор Токио шалгарч, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа явагдаж, Сочигийн олимпийн галт бамбар гараанаас гарсан гэхчлэн спортын ертөнцөд удахгүй болох томоохон баяр цэнгэлийн, их өрсөлдөөний сураг чимээ гарлаа. Гэвч гашуудлын сүүдэр ч бас дэлхийг тойрсонгүй ээ.
Ухамсарт амьдралынхаа туршид шударга ёс, энхтайвныг цогцлоох үйлсэд тэмцсэн, ӨАБНУ-ын ардчилсан сонгуулиар тодорсон анхны Төрийн тэргүүн Нельсон Мандела, Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд, төмөр хатагтай Маргарет Тетчер, рок домог Лоу Рийд, нэрт кино шүүмжлэгч Рожер Эберттэй бүх дэлхий салах ёс гүйцэтгэв. ОХУ-ын Челябинск хотод том солир унаж, 4300 байшин барилга сүйдэж, 1491 хүн шархадсан бөгөөд азаар хэн нэгний амь хохироогүй. Дугуй спортын домогт тамирчин Нил Армстронг сэргээш хэрэглэж байсан нь ил болж, дэлхийн хүмүүсээс уучлалт эрсэн бол, паралимпийн аварга Оскар Писториус эхнэрээ хөн өөн энэ зуны турш хэвлэлийн баатар болж амжив. Томоохон хэмжээний солир эх дэлхийд унасан тохиолдол энэ зууны анхных байлаа. Анхны тохиолдол зөндөө буй ч бүгд таагүй зүйлс байсан гэвэл худал. Хорват Европын холбооны 28 дахь гишүүн болж, буурал тивийн хамгийн том нэгдэл 1981 оноос хойш (Грек) анх удаа бүл нэмлээ.
Америкийн эрдэмтэд 3D принтер бүтээсэн нь технологийн салбарын хамгийн том үйл явдлын нэг байлаа. Нобелийн шагналтнууд ар араасаа тодорч, утга зохиолын салбар хамгийн ахмад “нобелтон”-оо угтан авсан нь 82 настай, Канадын зохиолч Элим Мунро болов (Тэрбээр уг төрөлд Канадаас тодорсон анхны хүн юм). “Chang’e” сансрын хөлөг саран дээр амжилттай газардсанаар БНХАУ дэлхийн дагуул дээр газардсан гурав дахь орон, 1976 оноос хойших анхны тохиол байлаа. “Twitter” анх удаа IPO гаргасан нь дуулиан тарьж, энэ оны хамгийн гүйлгээтэй хувьцааны нэг болсон бол “Facebook”-ийн хувьцаа түүхэн доод хэмжээндээ хүрэв. Ихэнх шинжээчийн хэлж буйгаар 2013 он дэлхийн феминистүүдийн хувьд түүхэн жил болж байх шиг.
Эмэгтэй төрийн тэргүүнтэй улсуудын тоо зэгсэн өсөж, “Yahoo”, “Facebook” зэрэг томоохон компаниудын жолоо бүсгүйчүүдийн гарт шилжив. Пакистан охин Малала, дуучин Бейонсе, жүжигчин Анжелина Жоли нар дэлхий даяар феминистүүдийг уриалан дуудаж, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг дахин олон улсын тавцанд хүчтэйгээр гарган тавьсан. Феминистүүд ийнхүү түүхэн жилээ үдэж байхад ижил хүйстнүүд ч бас зүгээр суусангүй. АНУ, Шинэ Зеланд зэрэг улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилж, Ромын шинэхэн пап I Франциск ч томоохон дэмжлэг үзүүлсэн юм. “Washington Post”, “Newsweek”, “New York Times” зэрэг дэлхийд нэртэй томоохон хэвлэл бизнесменүүдийн гарт шилжсэн нь энэ жилийн томоохон дуулиануудын нэг боллоо.
2001 оны есдүгээр сарын 11-ний хар өдрөөс хойш барилгын ажил нь эхэлсэн “One world” худалдааны төвийн барилга баригдаж дууссан нь АНУын хамгийн өндөр, ард түмнийх нь сэтгэлийг хамгийн их баярлуулсан зүйлсийн нэг байсан бол БНСУ-д үл үзэгдэгч барилга сүндэрлэсэн нь олон хүний сонирхлыг татсан. Ийнхүү дэлхий нарыг нэг бүтэн тойрох зуур манай гаригт 134 сая шинэ иргэн мэндэлж, 54 сая хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, цэнхэр гаригийн хүн амын тоо 7.1 тэрбумд хүрлээ. Дундаж наслалт 68 болж, түүхэн дээд хэмжээнд хүрснийг ч энд дурдах хэрэгтэй. Их гүрнүүд эдийн засаг хувьд таагүй жилийг ардаа үдэж буй ч, хөгжиж буй улсууд мэрийхээрээ мэрийж, дэлхийн эдийн засгийн 3.4 хувиар өсөж, долларын саятнуудын тоо 2000-аар нэмэгдлээ. Энэ тоо ирэх таван жилийн дотор 40 хувиар дээшилнэ хэмээн шинжээчид таамаглал дэвшүүлэв. 2014 онд биднийг үүнээс ч олон үйл явдал, түүнээс ч их нээлтүүд, тайлагдаагүй нууцууд хүлээж буй. Тэдгээрийн дунд хожим сайн сайхнаар эргэн дуурсах үйл явдал л олон болоосой гэж хүсэж байна.
Ж.ТЭГШЖАРГАЛ