Ийнглак Чинаватын Засгийн газрыг унагах зорилготой бослого, эсэргүүцэл улам даамжирч, Тайландын нийслэл Бангкок хотноо олныг хамарсан жагсаал зохион байгуулах хэмжээнд хүрсэн тухай BBC уламжиллаа. Эсэргүүцэлд олон зуун мянган хүн нэгдэнэ гэдэгт итгэж буйгаа эл жагсаалыг удирдагчид илэрхийлжээ. Олон долоо хоног үргэлжилсэн бослогыг эцэслэхийн тулд Ерөнхий сайд Ийнглак Чинават сонгууль зохион байгуулахаа энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Гэвч ирэх хоёрдугаар сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөж буй эл сонгуулийг Ардчилсан намынхан эсэргүүцэж буйгаа өнгөрсөн бямба гаригт мэдэгджээ.
2011 онд болсон сонгуульд Ийнглак Чинават ялсан хэдий ч түүний ах, Ерөнхий сайд асан Таксин Чинават түүний хэрэгт ямагт оролцдог, мөн түүний удирддаг “Pheu Thai” намын ард Таксин Чинават бий хэмээн эсэргүүцэгчид сэжиглэж буй аж. Бослогыг толгойлогч Сутеп Таугсубан ням гаригт болох эсэргүүцлийн жагсаал Ийнглак Чинават болон түүний Засгийн газарт нөлөөлнө гэж үзэж байгаагаа “Bangkok Post” сонинд мэдээлжээ. Жагсагчид таван гол замын уулзварыг хаахаа мэдэгдээд байгаа бөг өөд ингэснээр Бангкок хотын худалдааны төвийн замын хөдөлгөөн зогсоход хүрэх гэнэ.
Бангкокт болж буй энэхүү эсэргүүцэл нь 2010 оноос хойш Тайландад болж буй улс төрийн хамгийн ноцтой үймээн бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор дөрвөн хүн нас бараад байгаа юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН