Оросын тэрбумтан, газрын тосны магнат Михаил Ходорковский шоронгоос суллагдсаныхаа дараа аав, ээж болон хүүтэйгээ уулзжээ. Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Ходорковскийд өршөөл үзүүлсэн тухайгаа зарласан нь дэлхий даяар шуугиан тариад байна. Өдгөө мөхлийн ирмэгт байгаа “Юкос” компанийн захирлыг сөрөг хүчний намыг санхүүжүүлж, олон нийтийг Путиний эсрэг турхирсан хэмээн тухайн үед баривчилсан билээ. Ээж нь хорт хавдраар өвчилсөн учраас Ходорковский хүнлэг сэтгэлийн үүднээс уучлал үзүүлэхийг хүссэн ажээ.
Татвараас зайлсхийсэн болон газрын тос хулгайлж, мөнгө угаасан хэргээр яллагдсан тэрбээр 2003 онд шоронд орсон бөгөөд ирэх жилийн наймдугаар сард ялын хугацаа нь дуусаж, суллагдах байсан юм. Ходорковскийн ууган хүү Павел аавынхаа суллагдсан тухай мэдээг дуулаад АНУ-аас Германд ирсэн бол аав Борис, ээж Марина нар нь хүүтэйгээ уулзахаар Оросоос очжээ. Ходорковский таван одтой “Эдлон” буудалд байрласан бөгөөд эрх чөлөөтэй болсон анхны үдшээ “Louis Vuitton”-ы дэлгүүрээр хэсчээ. Ходорковский өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш шоронгоос суллагдсан агаад Оросын баруун хойд зүгт орших, Финландтай хил залгаа байдаг Карелийн бүс дэх хорих ангид ял эдэлж байсан юм. Суллагдсан даруйдаа паспорт болон бусад хэрэгцээтэй бичиг баримтаа аваад Санкт Петербургээс Берлин рүү шууд ниссэн бөгөөд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Ханс-Дейтрич Генчер түүнийг тосож авчээ. Берлин рүү нисэх түүний хувийн нислэгийг Генчер зохион байгуулсан юм. Тэрбээр Ходорковскийг суллуулах талаар Путинтэй хоёр ч удаа уулзалт хийж, энэ талаар сүүлийн хоёр жил ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан нэгэн.
Гадаад хэргийн сайд асны шадар туслах, улстөр судлаач Александр Рахр “Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ноён Генчер Ходорковскийд өршөөл үзүүлэх тал дээр Германы канцлер Ангела Меркельтэй холбоотой ажилласан” гэж ярьжээ. ХБНГУын парламентын гишүүн, Ходорковскийн эртний анд Марилуйс Бек түүнтэй цаг орчим уулзсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орост буцаж очих нь түүний гол зорилго биш. Магадгүй тэр дөрвөн хүүхдийнх нь хоёр нь суралцаж байгаа Швейцарь улсад суурьших байх” гэж ярьжээ.
Г.ГЭРЭЛ