Энэтхэгийн дипломат ажилтан Девиана Кхобрагадег Нью-Йоркт баривчилсантай холбогдуулж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри харамсал илэрхийлжээ. Тэрбээр Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Шившанкар Менонтой утсаар ярихдаа Кхобрагадед тохиолдсон явдал Америк, Энэтхэгийн харилцаанд сэв суулгаж болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни Энэтхэгийн дипломатчийг баривчилсан нөхцөл байдлыг шалгаж байгаа гэж урьд нь мэдэгдсэн юм. Энэтхэгийн эрх баригчид дипломат дархан эрх болон согтууруулах ундаа, хүнсний зүйл худалдаж авахдаа хямдруулсан үнэ төлдөг эрхийг нь Америкийн дипломатчид эдлүүлэхгүй байсан юм. Түүнээс гадна АНУ-ын ЭСЯ-ыг хамгаалж байсан хашааг нь Дели хотын цагдаа нар бас буулгасан. Түүнчлэн өөрсдөд нь үйлчилдэг хүмүүсийн цалингийн талаар мэдээлэл өгөхийг Америкийн дипломатчдаас Энэтхэгийн эрх баригчид шаардаж байв. Түүгээр ч барахгүй Энэтхэг дэх америк сургуулийн багш нарын цалинд ч шалгалт хийсэн аж.
Америкийн консулын газрын ажилтнуудын хөдөлмөрийн хөлс Америкийн жишигт нийцэж байх ёстой гэж Энэтхэгийн эрх баригчид үзэж буй юм байна. Энэтхэгийн эрх баригчдын энэ мэт үйлдэл нь Нью-Йоркод суугаа ерөнхий Консулын орлогч Девианы Кхобрагадег нь баривчилсны хариуд авч буй арга хэмжээ аж. Энэтхэгийн дипломатчийн үгээр бол түүнийг баривчлах үедээ хувцсаа тайлахыг шаардаж, ДНХ-гийн шинжилгээ авсан байна. Түүгээр ч барахгүй түүнийг мансуурагчтай хамт нэг өрөөнд хорьсон аж. Өөрийнх нь дипломатчид ийн хандсаныг Энэтхэгийн эрх баригчид “бүдүүлэг” гэж мэдэгдсэн бол өмгөөлөгч нь цагдаагийн байгууллагын үйлдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Кхобрагаде дипломат халдашгүй эрхтэй гэж үзэж буй бол энэ эрх нь зөвхөн дипломат үйл ажиллагаатай нь холбоотой эрүүгийн хэргээс л түүнийг хамгаална гэсэн байр суурийг АНУ-ын эрх баригчид баримталж буй гэнэ.
39 настай Девиани Кхобрагадег энэ сарын 12-нд Нью-Йорк хотноо баривчилжээ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой залилан мэхлэх үйл ажиллагаа хийж, цагаачлалын талаар худал мэдээлэл тэрбээр өгсөн аж. Гэрээ ёсоор түүний гэрийн ажилтан эмэгтэй Америкийн жишгээр цагт 9.75 доллар авах ёстой атал үнэн хэрэг дээрээ гурван доллар авч байжээ. Хэрэв Кхобрагаде буруугаа хүлээвэл 15 жил хоригдох ял авах аж.