ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал Владимир Чиркинийг ажлаас нь халах тухай шийдвэрт Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 2-нд гарын үсэг зуржээ. Түүнийг хахууль авсан гэж буруутгасан аж. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэхгүй байгаа ч генерал Төвийн тойргийн цэргийн командлагчаар ажиллаж байсан 2010-2012 онд уг хэргийг үйлдсэн бололтой.
Тэрбээр хахууль аваад, эргэлзээтэй арилжаа хийхийг зөвшөөрчээ. Үүсгэсэн хэрэгт идэвхтэй байцаалт явуулах ажлыг энэ оны аравдугаар сард эхлүүлсэн байна. Мөрдөн шалгах явцад Чиркинийг албан тушаалаас нь чөлөөлж өгөхийг хүсэж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд ханджээ. Генерал Чиркин Батлан хамгаалах яаманд өндөр алба хашиж байсны хувьд удирдлагад нь байсан хүмүүсийг гэрчийн мэдүүлэг өгөхөд дарамт үзүүлэх боломжтой гэж мөрдөн байцаагчид үзсэн учраас уг асуудлыг хөндсөн байна.
Өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө гаргахыг сайд Сергей Шойгу генерал Чиркинд санал болгожээ. Чиркиний хэргийг мөрдөн шалгах ажил төгсгөлийн шатандаа орж, ойрын үед түүнд шүүх ял оноох нь тодорхой байгаа ч генерал өөрийн бурууг хүлээхгүй байгаа гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ