Европын холбооны улсуудын Сангийн сайд нар банкны сан байгуулахаар тохирсон тухай ВВС мэдээлэв. Арван жилийн хугацаанд энэхүү сандаа нийт 55 тэрбум евро босгож, төвлөрүүлэх бөгөөд өрөнд орсон банкуудад хэсэгчлэн олгохоор төлөвлөжээ. Хэрэв дээрх хэмжээний мөнгө банкуудын өрийг дарахад хангалттгүй байвал Европын холбооны улсуудын Засгийн газраас сан руу нэмэлт мөнгө шилжүүлэн, зээлдүүлэх юм байна. Одоогоор ийм шийдэлд хүрсэн ч нэгдсэн мэдээлэл, төлөвлөгөөг ойрын өдрүүдэд танилцуулах аж.
Сан байгуулах санаачилгыг 17 орны Сангийн сайд дэмжжээ. “Энэ бол бидний хамтран гаргасан маш чухал шийдвэр” хэмээн Европын холбооны эдийн засгийн асуудал хариуцсан комиссар ярьжээ. “Энэ маш сайн шийдвэр. Гэхдээ энэ дангаараа бүх асуудлыг шийдэж чадахгүй. Банкуудын зүгээс бүх хүчээ дайчлан, бидэнтэй хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн Германы канцлер Ангела Меркель хэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд банкны хямралын эсрэг Европын холбооны улсуудын Засгийн газрууд нийт 1.5 их наяд евро зарцуулсан ч тусыг эс олсон билээ.
Т.ЖИГҮҮР