Киев хотын гудамж, явган хүний замыг жагсагчдаас чөлөөлөх тухай хэргийг 2014 оны нэгдүгээр сарын 28 хүртэл авч үзэхээ болихоор шүүх шийдвэрлэжээ. Киев хотын төвийн хэд хэдэн гудамжийг ашиглахад учирч буй саадыг арилгаж өгөхийг нутгийн зөвлөл шаардаж нэхэмжлэл гаргасан аж. Украин улсыг Европын холбоонд нэгдүүлэх, Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэж буй жагсагчид өнгөрсөн сарын эцсээс Киев болон бусад хотын гудамжинд гараад байгаа. Жагсагчид төрийн захиргааны хэд хэдэн газрын байрыг мэдэлдээ авчээ. Европын холбоонд нэгдэх бодлого сонгосноо Украины Ерөнхий сайд Николай Азаров энэ сарын 16-нд мэдэгдээд байна.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Клюев өнгөрсөн сарын 30-нд Киевийн төвд болсон тайван жагсаалыг тараахад оролцоогүй гэж тус улсын Ерөнхий прокурорын орлогч Виталий Белоус мэдэгдлээ. Жагсаалыг тараах үүргийг чухамхүү Клюев өгсөн гэж Киев хотын захирагч Попов энэ сарын 15-нд мэдэгдсэн юм. Жагсагчдыг тараахдаа хууль сахиулах байгууллагын ажилтнууд хууль зөрчсөн явдал бийг Украины ДЯЯ хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, цагдаа нар тусгай хэрэгсэл ашиглаж, хэтэрхий хүч түрсэн аж. Жагсаалыг хүчээр тараах тушаал өгсөн Киевийн цагдаагийн газрын дарга Коряк огцрох өргөдлөө энэ сарын эхээр өгсөн байна. Эрх баригч Бүс нутгуудын намын Парламент дахь фракц Засгийн газрыг солих сөрөг хүчний шаардлагын заримыг нь дэмжиж байгаа аж. Тус намаас сонгогдсон депутат Анна Герман “Бид Засгийн газрын бүрэлдэхүүний 90 хувийг солихыг шаардсан” гэж мэдэгдлээ. Энэ сарын 16-ны өглөө Сайд нарын танхимын төлөөлөгчидтэй депутатууд уулзсаны дараа тэрбээр ийн мэдэгджээ.
Ерөнхий сайд Н.Азаровыг огцруулахыг Парламентын 450 депутатын 182 нь дэмжиж гарыг үсгээ зурсан байна. Засгийн газрыг огцруулахын төлөө өмнөх санал хураалт энэ сарын эхээр болж амжилт олоог үй юм. Шаардлагатай 226 санал авч чадаагүй. Болж буй хэрэг явдалтай холбогдуулж Киев хотын захирагч Александр Попов, Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Владимир Сивкович нарыг албанаас нь чөлөөлсөн. Цаашдаа ийм аюул Эдийн засгийн хөгжлийн сайд Игорь Просолов, Дотоод хэргийн сайд Леонид Кожара, Аж үйлдвэрийн бодлогын сайд Михаил Короленко нарт заналхийлж магадгүй байгаа. Украинтай холбоотой бас нэг мэдээлэл түгэж буй нь УДАР намын тэргүүн Виталий Кличко 2015 оны гуравдугаар сард хийхээр төлөвлөж буй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтой байгаагаа Дээд Рад (Парламент)- ын индрээс мэдэгдсэн тухай юм. “Намайг Виктор Януковичийн өрсөлдөгч гэж үзэж, хандаж байна. Татварын хуульд өөрчлөлт оруулснаар өөрийн улс төрийн өрсөлдөгчдийг намнахыг эрх баригчид хичээж байна” гэж тэрбээр хэлжээ. Энэ хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд зааснаар гадаад улсын нутаг дэвсгэр дээр байнгын аж төрөх эрхтэй хүнийг Украинд амьдардаг гэж үзэхгүй аж. "Би Германд амьдардаг нь үнэн ч энэ нь Украины хуульд харшлахгүй. Би Украин улсыг тусгаар тогтносон үеэс нь л иргэн нь байгаа. Миний энэ иргэншлийг үгүй болгохыг одоо хичээж байна" гэж Виталий Кличко мэдэгджээ. Украины Үндсэн хуульд зааснаар энд сүүлийн 10 жилийн турш аж төрсөн хүн Ерөнхийлөгчийн албанд сонгогдох боломжтой юм байна.
Дашрамд өгүүлэхэд, Виталий Кличко мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга гэдгийг манай уншигчид мэднэ. Тэрбээр Украин улсын улс төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхээр шийдсэн учир энэ хэргэмээсээ татгалзаж буй аж. В.Кличко мэргэжлийн боксын дэвжээн дээр 45 удаа ялж, хоёр удаа ялагдсан юм. Дэлхийн боксын зөвлөл түүний энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ аваргын бүс эзэмшиж буй ямарч боксчинтой тоглох эрхтэй үлдээжээ.
Р.ЖАРГАЛАНТ