Афганистаны Урузган мужид байдаг Таринкот хэмээх цэргийн томоохон баазаа Австрали улс хааж, тус улсаас цэргийн сүүлчийн салбараа гаргасныг Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт Сидней хотноо мэдэгдсэн байна. Тэрбээр дайнд тус улс өндөр үнэ төлсөн ч учирсан гарз хохирол үр дүнгүй байсангүй гэжээ. Сүүлийн жилүүдэд Урузган муж ихэд өөрчлөгдсөн нь үүний нотолгоо аж. Түүний хэлснээр эндхийн дэд бүтэц сайжирч, төрийн байгууллагуудын ажлын чанар дээшилж, эмнэлгийн үйлчилгээ хүн амдаа хүрэх болж, охид сургуульдаа явдаг болсон гэнэ.
Афганистанд одоо Австралийн 400 орчим цэргийн албан хаагч байгаа бөгөөд тэд эндхийн зэвсэгт хүчинд зааж сургах, зөвлөгөө өгөх ажил эрхлэх юм байна. Түүнчлэн Афганистаны аюулгүй байдлыг хангах хүчнийг бэхжүүлэхэд зориулж Австралийн Засгийн газар жил бүр 100 сая австрали доллар (89 сая ам.доллар) өгөх аж. Австрали улс цэргээ 2001 онд Афганистанд оруулж, 2005 оноос Таринкот баазад байрлуулсан юм байна.
Афганистан дахь цэргийн ажиллагаанд Австралийн нийт 25 мянган цэргийн албан хаагч оролцжээ. Тэднээс 40 нь амиа алдаж, 261 нь хүнд шархадсан аж. Афганистан дахь цэргийн ажиллагаанд оролцсон нь Австралийн түүхэнд хилийн чанадад хамгийн удаан үргэлжилсэн үйл явдал болжээ. АНУ, Их Британийг оролцуулаад ихэнх орны зэвсэгт хүчин 2014 оны эцэс гэхэд Афганистанаас гарах юм байна.