Автомашин үйлдвэрлэлээр дэлхийд “толгой цохидог” “Ford” компани ирэх онд АНУ, Ази дахь салбартаа 11.000 ажилчин шинээр нэмж авахаар зэхсэнийг BBC дуулгалаа. Тус компани шинэ загварын 23 автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж буй агаад энэ онд шинээр худалдаанд гарсан загваруудаас даруй хоёр дахин их үзүүлэлт юм. “2014 он бол сүүлийн тавин жилийн хамгийн хурдацтай өсөлтийн жил” хэмээн “Ford” тодотгож буй бөгөөд шинэ “Lincoln MKC”, спорт загварын “Mustang”, цоо шинэ “Transit” автомашин үйлдвэрлэхээр зэхжээ.
Америкт 5000 ажлын байр бий болгох бол ирэх онд Хятадад хоёр томоохон үйлдвэр байгуулж, түүндээ нийт 6000 ажилтан авах гэнэ. Ингэснээр “Ford”- ын нийт ажиллах хүчний тоо долоон хувиар өсөх агаад 2000 оноос хойш хүний нөөцийн салбартаа хийж буй хамгийн том шинэтгэл болохыг компанийн зүгээс тэмдэглэжээ. “Ford” ирэх онд Хятадын Чунцин хотод “Changan” хэмээх үйлдвэр, угсрах байгууламж ашиглалтад оруулах төлөвл өгөөтэй бөгөөд Бразилд ч мөн хөдөлгүүрийн үйлдвэр барьж буй гэнэ. Чунцинд баригдаж буй шинэ үйлдвэр нь жилд 300 мянган автомашин үйлдвэрлэх юм байна.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ