Испанийн нийслэл Мадрид хотын ойролцоо “Eurovegas” хэмээх казиногийн аварга цогцолбор байгуулах төлөвлөгөө бүтэлгүйтсэн тухай BBC дамжуулав. Төслийг боловсруулагч хийгээд Испанийн эрх баригчдын хооронд үл ойлголцол үүссэнээс ийнхүү төслийг цуцалсан гэнэ. Улмаар казиногийн зургаан байгууламж, 12 зочид буудал, хэд хэдэн томоохон дэлгүүрээс бүрдэх 30 тэрбум ам.долларын өртөг бүхий уг төслөөс АНУ-ын казино ажиллуулагч “Las Vegas Sands” компани гарч буйгаа мэдэгдсэн байна.
Испани улсын нийт хүн амын 27 хувь нь ажилгүй бөгөөд уг төсөл хэрэгжвэл шууд болон шууд бусаар 250 мянган шинэ ажлын байр бий болох байжээ. Гэсэн ч Испанийн Засгийн газар АНУ-ын компанийн хэд хэдэн шаардлагаас татгалзсан байна. Мөрийтэй тоглоомонд бага татвар ногдуулах, түүнчлэн “Las Vegas Sands”-ийн уг цогцолбороос хүртэх ашигт эрсдэл учруулахгүй байх зэргээр ирээдүйд хийгдэж болзошгүй бодлогын өөрчлөлтүүдэд өртөхгүй гэсэн баталгаа олгохыг төсөл боловсруулагч АНУ-ын компани хүссэн гэнэ. Түүнчлэн амралтын уг цогцолборт Испанийн Тамхины хяналтын тухай хуулийг үл хэрэгжүүлэхийг хүссэн нь эрх баригчдын санаанд нийцээгүй аж.
Дашрамд дурдахад, казиногийн эл цогцолбор байгуулахыг Католик сүм тэргүүтэй хэд хэдэн бүлэг эсэргүүцсэн бөгөөд казино, зочид буудал олноор байгуулагдсанаар биеэ үнэлэх зэрэг бусад гэмт хэргийн тоо нэмэгдэнэ гэж үзсэн байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН