АНУ болон Их Британийн эрх баригчид Сирийн босогчдод нийлүүлдэг байлдааны бус тоног төхөөрөмжийн тусламжаа зогсоосон байна. Сөрөг хүчний “Исламын фронт” хөдөлгөөнийхөн барууны орнуудын дэмждэг Чөлөөт Сирийн армийн нэгэн цэргийн баазыг эзэлсний дараа уг шийдвэрийг гаргасан тухай Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч тайлбарлажээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Сирийн босогчдын томоохон долоон зэвсэгт бүлэглэл нэгдэн эвсэл байгуулж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэд “Исламын фронт” нэртэй уг хөдөлгөөнөө “Нийгэм, улс төр, цэргийн бие даасан хараат бус эвсэл бөгөөд Башар Асадын Засгийн газрыг түлхэн унагаах гол зорилготой” хэмээн тодорхойлсон байна.
АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэнд үүсээд байгаа нөхцөл байдлыг судлан, Сирийн чөлөөт армид АНУ-аас тусламжаар өгсөн тоног төхөөрөмжүүдийн тооллого явагдаж байгаа талаар дурджээ. Мөн Их Британийн Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга “Байлдааны бус тоног төхөөрөмжийн тусламжаа зогсоосон явдал нь түр зуурын арга хэмжээ агаад эргэн сэргээх асуудлыг шалгалтын дараа шийднэ” гэж мэдэгджээ.
Н.ТҮВШИН