Бээжин хүн амаа өсгөхийг хүсэх болов. Гэвч энэ нь хэтэрхий оройтсон байж болох. Одоогоос 30 гаруй жилийн өмнө эдүгээ ч дэлхий нийтэд яг таг ил болоогүй маш олон зорилго, шалтгааны улмаас (хүн амын өсөлтийг бууруулах, илүү ухаалаг, боловсорсон буюу өөрсдийнх нь нэрлэдгээр “чанартай” хүн амтай болох) “нэг хүүхдийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо БНХАУ-ын хүн 1.3 тэрбум. Гэтэл дэлхийн хамгийн олон хүнтэй улсад энэ тоо хангалтгүй болж ирсэн шиг байна.
Сүүлийн хэдэн жил хөгжиж буй улсууд зэгсэн өнөр болж, дэлхий долоон тэрбум дахь иргэнээ хүлээж аваад байгаа. Харин урд хөршид сүүлийн 15 жилийн дотор хүн амын өсөлт бусад улсаас хамгийн бага байж иржээ. Энэ нь анхны зорилт амжилттай хэрэгжиж буйн дохио. Гэвч одоо хүн амд нь эзлэх залуучуудын тоо бага, эмэгтэйчүүдийнх бүр бага, харин хөгшчүүл үнэхээр олон болов.
ШИНЭ АСУУДАЛ, ШИНЭ СОРИЛТ
“Time” сэтгүүлд саяхан энэ тухай “One child crisis” гэх нийтлэл гарсан бөгөөд одоо хятад эмэгтэйчүүд дунджаар 1.5 хүүхэд төрүүлж буй бөгөөд энэ тоо 1960-аад оныхоос дөрөв дахин буурсан гэжээ. Харин “Population and development review” сэтгүүлд бичсэнээр 2030 онд тус улсын хүн ам ерд өө 500 мянгаар өсөж, 1.4 тэрбум болох аж. Хэрэв нэг хүүхдийн бодлого цаашид үргэлжилсээр байвал 2030 оноос хойш урт хугацаанд хүн амын өсөлт царцах төлөв харагдаж байгаа гэнэ. БНХАУ Японыг гүйцэж, дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг бүхий гүрэн болсонд дээрх бодлогын нөлөө асар их. “Хөгшрөхөөсөө өмнө баяж” гэсэн уриатай иргэд нь олон хүүхэдгүй учраас гэр бүлийн амьдралд сатаарах нь багасч, эцэж цуцталаа хөдөлмөрлөсөөр шинэ, баян, хүчирхэг БНХАУ-ыг бүтээсэн. 1980-аад онд тус улсын нэг хүнд ногдох ДНБ ердөө 200 ам.доллар байсан бол одоо энэ тоо 6000-д хүрчээ. Мөн ядуурлын түвшин хурдацтай буурсан. Үүнээс өөр сайн нөлөө олон боловч саар үзэгдэл одооноос ажиглагдаж эхэллээ. Жишээ нь, өнгөрсөн жил тус улсын хөдөлмөр эрхлэх насны хүн амын тоо сүүлийн хагас зуунд анх удаа буурсан байна. Энэ бол 30 жилийн өмнө тооцоолоогүй эрсдэл юм. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос гаргасан эл тоо өдгөө Засгийн газрын түвшинд цочроо өгч, төрийн бодлогоо эргэн харахаас аргагүйд хүргэжээ. Тийм ч учраас өнгөрсөн сарын 15-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин шинэ санаачилга гаргасан бөгөөд энэ нь гэрлэх гэж буй хоёр хосын аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэд төрүүлж болно гэсэн утгатай.
Хэрэв энэ санаачилга ёсоор хэрэгжвэл БНХАУ-ын хүн амын өсөлтийн хурд нэг саяар нэмэгдэх юм. Гэвч энэ хэтэрхий оройтсон, болж буй нөхцөл байдалтай үл нийцсэн шийдвэр гэж олон судлаач үзэж байна. Тэдний нэг, Бээжингийн Ардын их сургуулийн хүн амзүйч Гу Баочан “Энэ бол бидний хүссэн шийдвэр биш. Хятадад одоо юу хамгийн хэрэгтэй вэ гэвэл нэг хүүхдийн бодлогыг аажим аажмаар халах” хэмээн ярьжээ. Хэрэв ийм бодлого баримтлаагүй бол одоо БНХАУ 1.8 тэрбум хүнтэй байх байсан гэнэ. Гэвч сүүлийн 30 жилд 335 сая эх үр хөндүүлсэн байна. Үүнээс гадна 200 сая эмэгтэй хүүхэдтэй болохоос урьдчилан сэргийлсэн эм бэлдмэл хэрэглэж, мөн мэс засалд оржээ. Хөгжингүй улс орнууд, жишээ нь Япон, Италид хүн амын өсөлтийн хурд эрс буурсан. Хятадтай адил бодлого хэрэгжүүлээгүй ч эмэгтэйч үүдийн эрх мэдлийн хүрээ тэлж, илүү боловсорсон, илүү баяжсан хүмүүс олширсон. Энэ бол урсгалаараа буюу дэлхий нийтээр жам ёсны дагуу бий болж буй үзэгдэл. Хятадад одоо яг энэ л хэрэгтэй байна. Яахав, хүн ам баяжихын хэрээр нэмэлт татвар төлж хоёр дахь хүүхдээ төрүүлж буй гэр бүлийн тоо өсчээ. “Time” сэтгүүлд бичсэнээр 1979 оноос хойш хоёр дахь хүүхдийн татвараас БНХАУ-ын Засгийн газарт 330 тэрбум ам.доллар орж ирсэн байна. Харин дээрх бодлогоос болж гурван том асуудал БНХАУ-ын өмнө тулгарч байна.
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛ
Хятадад ажиллах хүчний хомсдол нүүрлэж буй гэдгийг анх сонсоод хэний ч санаанд буухгүй. Өнөөгийн Хятадын эдийн засгийн асар том өсөлт ажиллах хүчний арми дээр тогтож бий болсон учраас тэр. Харин одоо тэр цаг өнгөрчээ. Хөдөлмөрийн насны хүн амны тоо буурч, эсрэгээр цалингийн хэмжээ нэмэгдэх боллоо. Ялангуяа, аж үйлдвэр болон жижиг, дунд бизнест. Ганц хүүхдээ гутлын, эсвэл бэлэн гоймонгийн үйлдвэрт ажиллуулахыг хүсэх хүн байхгүй. Тиймээс багаас нь боловсролд нь анхаарч, одоо Хятадаар дүүрэн уран бүтээлч, бизнесмен, банк санхүүгийн мэргэжилтнүүд бий болсон. Бас үүн дээр нэмж хэлэхэд өнгөрсөн онд 13.600 бага сургууль хэтэрхий цөөн сурагчтайн улмаас хаагджээ. Хаагдсан сургуулиудын ихэнх нь хөдөө орон нутгийнх байсан аж. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ажиллах хүч олох том сорилттой тулсан бөгөөд цалинг нь өсгөөд ч ирэх хүн цөөрсөн гэнэ. Уг нь хөдөө орон нутгийн жижиг үйлдвэрүүдийн цалин таван жилийн өмнөхөөс 35 хувиар өссөн байна. Гэвч ажиллах хүчнийх нь тоо энэ хэрээр буурчээ.
ӨНДӨР НАСТНЫ ИЛҮҮДЭЛ
Бас нэг судалгаа. 2050 он гэхэд БНХАУ-ын хүн амын бараг гуравны нэг нь 60-аас дээш настай байх аж. Энэ бол АНУ-ын хүн ам дээр Монголынхыг нэмснээс ч их өндөр настантай байна гэсэн үг. Япон улсад яг одоо ийм зовлон нүүрлэж буй. Гэвч Японы өндөр настнууд БНХАУ-тай харьцуулахад цөөн, эрүүл мэндийн үйлчилгээ болон нийгмийн халамж хүртэх нь ч илүү аж. Жишээ нь, Япон шиг оронд хамгийн түгээмэл үйлчилгээ нь өндөр настныг халамжлах болсон гэнэ. Тэгвэл 2050 онд Хятадад нэг залуу хүн тутамд зургаан өндөр настан ногдохоор байгаа. Дээр нэр нь дурдагдсан хүн амз үйч, айлын ганц хүү Гу Баочаны эцэг өнгөрсөн жил нас барсан бөгөөд тэрбээр 16 жилийг гэрийн халамжид өнгөр үүлжээ. Энэ хугацаанд Гу Баочан зургаан залууг хөлсөлж, эцгийгээ халамжлуулсан байна. Харин одоо түүний санаа маш их зовж буй. Айлын ганц хүү болох түүнийг хөгшрөхөөр хэн халамжлах вэ?
ЭМЭГТЭЙЧҮҮД ХААЧИВ
Хятадын хаана ч, ямар ч гудамжийг харсан хөөцөлдөн тоглож буй хөвгүүдийг харна. Охид нь гэртээ суугаа юм болов уу? Үгүй ээ, угаасаа энд эмэгтэй хүүхэд тун цөөн учраас тэр. “Time” сэтгүүлийн нийтлэлд дурдсан Ин Ле хэмээх дунд сургуулийн багш ангидаа 40 сурагчтай бөгөөд 27 нь хүү, 13 нь охин. “Бусад сургуульд ч мөн ийм л байгаа” хэмээн тэрбээр ярьсан байна. Гэрлэсэн хосын анхны хүүхэд нь охин байгааг мэдвэл эргэлзэх зүйлгүйгээр үр хөндүүлэх нь түгээмэл гэдгийг ч нуулгүй ярьжээ. Шинэ төрсөн хүүхдийн талаарх судалгаанаас харвал сүүлийн 30 жилд 100 охин тутамд 135 хөвгүүн ногдож буй аж. Энэ олон хөвгүүн том болоод юу хийх вэ, тэд хаанаас эхнэрээ олж авах вэ?
ГАНЦААРАА ӨСӨХ ХАМГИЙН ХЭЦҮҮ
Хятадуудтай ярилцах бусдаас хэцүү. Багаасаа гэртээ ганцаараа өссөн учраас тэд нийгэмшихдээ хойрго. Хувиа бодсон, амиа аргацааж сурсан, бусадтай ярилцахдаа хүйтэн хөндий. Хэтэрхий олон хүнтэй учраас тоодоггүй ч, Хятадад амиа хорлох үзэгдэл маш түгээмэл болж. Гэр бүлийн аз жаргалыг ханатал мэдрээгүй учраас бусдыг хайрлахдаа ч хойрго. Ер нь хүнээс хайр авч өсөөгүй хүн, бусдыг хайрлах хэцүү гэдгийг бид мэднэ. Тийм учраас дэлхийн хамгийн өнөр улсын хүмүүс роботоос өөрцгүй. Хятад ирээдүйд эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж, дэлхийд тэргүүлнэ гэдгийг олон судалгаа харуулж байгаа. Гэвч үүний үнэ цэнэ нь хаана байна вэ? Энэ бүхний сайхныг мэдрэхэд тэдэнд илүү олон хүн хэрэгтэй. Тиймээс гэр бүлийн гишүүдийн тоо өсөх ёстой. Нэг хүүхдийн бодлого эцэслэхийг тэд хэзээ үзэх вэ?
Ж.ТЭГШЖАРГАЛ