Дэлхий дахинд өдөр бүр янз бүрийн гэмт хэрэг гардаг. Иргэд Засаг төрөө эсэргүүцэж жагсахаас эхлээд дээрэм тонуул, хүн амины хэрэг ч үй олноороо үйлдэгдэж байгаа. Тэдгээрээс хэний ч нүдэнд анзаарагдахгүй өнгөрөх нь бий ч дуулиан дэгдээж, олныг түгшээх нь ч цөөнгүй. Харин сүүлийн жилүүдэд үлгэр домог, адал явдалт кинонд л өгүүлдэг хүний махаар хооллох үзэгдэл мэр сэр гарах болжээ. Хүн хүнээ зэрлэгээр хөнөөж, эрхтнийг нь идэж буй итгэмээргүй үйлдэл хийгчид нэмэгдсээр байна. Санаанд ч багтамгүй энэ үйлдлээ зөвтгөх зарим нь хүнээ багтааж чадахгүй байгаа дэлхийг цэвэрлэж байна гэлцдэг аж.
ТЭТГЭВРИЙН ХӨГШНИЙ МАХААР ХООЛ ХИЙЖ ИДЖЭЭ
Өнгөрсөн сард Францын нэгэн жижиг тосгон Нюлханд ганцаараа амьдардаг 90 настай тэтгэврийн хөгшнийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Гэрийнх нь ойролцоо суурьшдаг байсан хөвгүүд нь аавынхаа байшинг шатаж байгааг хараад яаран гүйж очтол, эцэг нь бусдын гарт зэрлэгээр алагдсан байв. Хэргийн газрын үзлэг хийсэн цагдаа нар түүнийг хүний махаар хооллогчийн золиос болсон байж магадгүй гэж таамаглаад гэмт этгээдийг хайж эхэлжээ. Тосгоныг хоёр хоногийн турш самнан гэмт этгээдийг эрэн сурвалжилсны эцэст хэрэгтнийг дараагийн хохирогчоо хөнөөх гэж байхад нь амжиж барьсан байна. Баривчлах үеэр тэрбээр огт эсэргүүцэл үзүүлээгүйн дээр анхны байцаалтаар хэргээ хүлээжээ. Гэмт хэрэгтэн эрхэлсэн ажилгүй, орох оронгүй, 26 настай нэгэн бөгөөд сэтгэцийн өвчтэй гэх шинж тэмдэг түүнд илрээгүй байна. Мэдүүлгийн үеэр тэрбээр түүний чихэнд ер бусын дуу авиа сонсогдож, хүн алахыг тушааж байсан гэж хэлсэн гэнэ. Түүнчлэн хүний махаар хооллогч залуу өөрийн хийсэн үйлдлээ нэгбүрчлэн ярьжээ.
“Тэтгэврийн хөгшнийг хөнөөхдөө нууцаар гэрт нь нэвтэрч, урт саваа модоор толгойд нь цохиж алсан. Тэгээд хохирогчийн хэл, зүрхийг сугалж аваад, уураг тархитай нь хамт чанаж идсэн. Хийсэн үйлдлийнхээ ул мөрийг устгахын тулд өвгөнийг гэртэй нь шатааж орхисон. Үүнийхээ дараа удаах идшээ хайж зэргэлдээх тосгон руу явсан. Тэндээс ангийн буу олж аваад, нэгэн эмэгтэйг барьж, мөчлөх санаатай мөрийг нь эхлээд хугалсан. Энэ үед цагдаа нар ирж баривчилсан” хэмээн гэмшсэн янзгүй ярьсан аж. Одоогоор түүний хэрэг мөрдөн байцаалтын шатандаа байгаа юм байна. Франц улсад үүнтэй төстэй хэрэг 2007 онд анх гарч олныг шуугиулж байсан юм. Тэр үед шоронгийн нэгэн хүмүүжигч хамт хоригдож байсан андынхаа уушгийг сугалж авч, идсэн тухай шуугиж байв. Мөн 2001 онд Германы нэгэн нэртэй инженер найзынхаа уушгаар хооллож байгаад баригдаж байжээ. Тэрбээр тус улсын гэмт хэргийн түүхэнд “Ротенбургийн махчин” нэрээр үлджээ.
ЦУС СОРОГЧ ААВ
Бас нэг сэтгэл сэрдхийлгэм тохиолдол энэ оны аравдугаар сард Папау Шинэ Гвинейд гарсан. Эл улсад хүний махаар хооллогч овог амьдардаг гэдэг. Гэвч энэ тохиолдол тэдэнтэй огт хамаагүй аж. Жирийн нэгэн эцэг цус сорогч мэт аашилж, төрсөн охиноо хөнөөжээ. Түүний охин ердөө гурван настай байсан бөгөөд ээжийнхээ хамт аавындаа зочилж ирээд байлаа. Эхнэрээсээ салсан байсан алуурч аав гэнэт охиноо аваад бутны араар оржээ. Улмаар охиныхоо хүзүүг хазаж, артерийн судсыг нь тасалснаас их хэмжээний цус алдсан бяцхан охин шархаа дийлэлгүй нас барсан ч залуу үргэлжлүүлэн түүний цусыг сорж байсан гэнэ. Түүгээр ч барахгүй сэтгэл нь ханасан янзтай инээж байхыг харсан хоёр гэрч түүнийг цус сорогч байна гэж айсан тул хүүхдэд тусалж чадаагүй аж. Амандаа цустай алуурчныг зугтаж явахад нь цагдаагийнхан цаг алдалгүй баривчилжээ.
ӨДӨРТ ДОЛООН ХҮНЭЭР ТАХИЛ ӨРГӨДӨГ
Австралийн хойд хэсэг Номхон далайн ойролцоох зарим хотод амьд хүнээр тахил үйлдэгч хэд хэдэн омог байдаг байна. Тэдгээр омгууд хар шид, илбийн хүчинд итгэж, хүний мах иддэг гэнэ. Өнгөрсөн жил тус улсын цагдаа нар хэдэн арван махчныг баривчилж, анхааруулга өгсөн аж. Тэдний зан үйлээр бол нэг өдөр заавал долоон хүнээр тахил өргөж, уураг тархийг нь идэх ёстой байдаг юм байна.
ХҮНИЙ МАХААР ХООЛЛОГЧ КОМИССАР
Арваннэгдүгээр сарын 4-нд ХБНГУын Дрезден хотын цагдаагийн комиссар нэгэн иргэнийг алж, махаар нь шорлог хийсэн аймшигт хэрэг гарчээ. Хохирогчийг алга болсон сургаар тус хотын цагдаа нар мөрдлөг хийж эхэлсэн байна. Энэ үеэр түүний биеийг олон хэсэг болгон мөчлөөд, энд тэндгүй булсан байсныг олжээ. Хамгийн түрүүнд дэн буудлын ойролцоох газраас толгойг нь олсон байна. Комиссар гэмт үйлдлийн эзнээ интернэтээс хайдаг байжээ. Тэрбээр “Каннибалисмус” гэсэн цахим хаяг нээж, тэндээ элдэв сэтгэгдэл бичдэг аж. Түүний сэтгэгдэлд хариу илгээсэн хүмүүсээс хохирогчоо сонгож, хувийн цахим шуудангаар харилцдаг байсан гэнэ.
Хохирогчийн нууц нэрийг “Жужибэ” гэдэг байсан бөгөөд тэрбээр цахим шуудандаа “Намайг амьдаар минь шарж болно. Хатгуураар хатгаж, сараалжин төмрөнд шорлосон ч хамаагүй” хэмээн хошигнон бичсэн нь үхэлд дууджээ. Ханновер хотоос гаралтай 59 настай хохирогч дэлгүүрийн худалдагч байсан бөгөөд ажлын шугамаар Берлин хотод очиж, тэндээсээ Дрезденд зочлон, комиссартай дэн буудалд уулзсан гэнэ. Комиссар түүнд хоол хийж өгснийхөө дараа зэрлэгээр хөнөөж, түүний махаар шорлог хийж идсэн байна. Хэрэгтэн ул мөрөө устгаад хэргийн газраас зугтсан ч хотын цагдаа нар шуурхай ажиллаж Берлин хотын нэгэн утасны бүхээгээс баривчилжээ. Түүний аллага үйлдсэн дэн буудал өөрийнх нь эзэмшлийнх төдийгүй, эл хотын 46 байгууллага түүнд харьяалагддаг юм байна. Мөрдөн байцаалтын үеэр өгсөн түүний мэдүүлэг их хачирхалтай байсан гэнэ. Тухайлбал, тэрбээр “Хохирогчийг би өөрийнх нь хүслийн дагуу хороосон. Надад ямар ч буруу байхгүй” гэж мэдүүлжээ.
Г.АРИУНЦАЦРАЛ