Украины цагдаагийн болон дотоодын цэргийн хүчнийхэн энэ сарын 9-10-нд шилжих шөнө Киев хотын гудамжинд босогчдын барьсан бэхлэлтийг нураан, бамбайгаараа шахан түрсээр тэнд байсан хүмүүсийг тарааж, гудамжуудыг чөлөөлжээ. Энэ үеэр босогчид болон цагдаа нарын хооронд багахан мөргөлдөөн гарч хэд хэдэн хүн бэртсэн аж. Гэрчүүдийн ярьж буйгаар Лютерны сүмд шархдаж бэртсэн хүмүүст анхны тусламж үзүүлэх цэг байгуулаад байгаа гэнэ. Хүчний байгууллагынхан Засгийн газрын ойр орчмын ихэнх гудамжийг “цэвэрлэсээр” Майданы талбай руу удахгүй очих гэнэ.
Даваа гаригт Украины Ерөнхийлөгч сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч мягмар гаригт шилжих шөнө эрх баригчид дээрх арга хэмжээг авчээ. Дотоодын цэргийнхнийг дайчилж буй нь Ерөнхийлөгчийн хэлэлцээр хийнэ гэсэн амлалттай холбоотой хэмээн үзэж байгаагаа сөрөг хүчний депутат Анатолий Гриценко ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Тэрбээр “Энэ бол давшилт биш харин хэлэлцээрийн өмнө хийж байгаа сэтгэл зүйн дайралт гэж бодож байна” гэжээ.
Өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд болон Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлыг хариуцсан дарга Кэтрин Эштон нар Украинд үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулах талаар хэлэлцээр хийхээр Киевт хүрэлцэн ирсэн байна.
Н.ЭНХТҮВШИН