Германы зарим мужид “Xaver” хэмээх хар салхи дамжин өнгөрнө гэж хэвлэлүүдэд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. Тэгвэл уг хар салхины улмаас тус улсын Хамбург хот битүү усанд автаад байгаа аж.
Салхины хурд ердийнхөөсөө 10-12 дахин хурдтай байсан бөгөөд усны түвшин 3.98 метрт хүрчээ. энэ үеэр 11 хүн нас барж, гурван хүн хүнд гэмтсэн гэж тус хотын цагдаагийн газар мэдээлжээ. Түүнчлэн хар салхинд өртсөн хотуудад тээврийн хэрэгсэл бүрэн зогсож, зам тээврийн 100 гаруй осол гарсан гэнэ.
Хамбург хотын ирэх, буцах нислэг тодорхой бус хугацаагаар хойшлогдож, галт тэрэг ч явахгүй болжээ. Одоогоор хар салхи Европын орнуудад үргэлжилж байгаа аж. Тухайлбал, эл хар салхи Польш улсаар дайран өнгөрч багагүй хохирол учруулж, таван хүний аминд хүрч, 30.000 айл цахилгаангүй болжээ. Цаашид ОХУ-аар дайрч өнгөрнө гэж Германы Ус цаг уурын хүрээлэнгийнхэн таамаглаж байгаа гэнэ.