Украины Засгийн эрх баригчдын үйл ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцсэн сөрөг хүчний эсэргүүцэл нэлээд таагүй үр дүнд хүргэж мэдэх хэмжээнд хүртэл хурцадлаа. Тусгаар тогтнолын бэлгэдэл-Майданы талбайд тэмцлээ үргэлжлүүлж буй “босогчид” өчигдөр өглөө Киев хотын Мээрийн захиргаа, Үйлдвэрчний ордныг эзэлж, Засгийн газар, Ерөнхийлөгчийн ордныг бүслэн хааснаар Засгийн газар, парламентын үйл ажиллагаа үндсэндээ гацаанд орсон байна. Бямба, ням гаригт босогчид болон хүчний байгууллагынхны хооронд үүссэн мөргөлдөөний улмаас 300 гаруй хүн гэмтэж бэртэж, нэлээд нь эмнэлэгт хүргэгджээ. Хэдийгээр тодорхой тоо байхгүй ч эсэргүүцлийн хөдөлгөөнд 500 гаруй мянган хүн оролцож байгаа гэж сөрөг хүчнийхэн мэдээлж байна. Тэмцлийг удирдаж буй “Батъкивщина” намын удирдагчид Ерөнхийлөгч В.Янукович болон Засгийн газрыг огцруулах, парламентыг тараах шаардлага тавьж байгаа юм.
Украины Ерөнхийлөгч В.Янукович Европын холбоотой худалдааны гэрээ байгуулахаас татгалзаж, оронд нь Оросыг сонгох шийдвэр гаргасан нь энэхүү үймээний эхлэлийг тавьсан билээ. ОХУ бол Украины хувьд эдийн засаг, худалдааны хамгийн гол түшиц газар нь. Тус улсын экспортын дөрөвний нэг нь ОХУ-д хамаарагдаж, тэндээс байгалийн хийн хэрэгцээгээ хангадаг. Тиймээс Украины импортыг хазаарлах, худалдааны хатуу бодлого явуулах В.Путиний төл өвлөгөө энэ шийдвэр лүү түлхсэн гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дүгнэж байна. Украин улс Европын холбоотой дотносож, тэдний ам бүлд багтах нь хуучин ЗХУын нутаг дэвсгэрт нөлөөллөө хэвээр хадгалах Путиний бодлогод томоохон аюул заналхийлэл учруулах нь тодорхой юм.
Үүний хариуд Украины иргэдийн дийлэнх нь “Украин Украинаараа үлдэх ёстой. Украин Беларусь болж болохгүй. Киев бол Минск биш. Бид Европынхоо өрх гэрт багтах ёстой” гэж үзэж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн Киевээс хальж, бүхий л бүс нутгийг хамран өрнөж магадгүй боллоо. Өчигдөр Тернополь, Львов, Ивано-Франковскийн тойрогт хугацааг үй ажил хаялт зарласныг засаг захиргаа нь дэмжсэн шийдвэр гаргажээ. “Эмх замбараагүй байдал газар авч байгаа ч Онц байдал зарлах хэмжээнд хараахан хүрээгүй байна” гэж Украины Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Литвийн нийслэл Вильнюст болж буй “Дорнын түншлэл” уулзалтад оролцож буй Ерөнхийлөгч В.Янукович “Бидэнд өөр сонголт байгаагүй” хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ сарын 3-6-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх ёстой ч энэхүү арга хэмжээ цуцлагдаж магадгүй боллоо.
Б.ТЭГШ