Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар барьж байсан Бразилийн Сао Пауло цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр дээр өргөгч цамхаг унаж хоёр хүн нас баржээ. Уг осол үдэд болсон байна. Цайны цаг байсан учраас азаар олон хүн өртөөгүй ч хоёр хүн хүнд гэмтсэн аж.
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жосеф Блаттер нас барсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, өөрийн твиттэртээ зурвас бичсэн гэнэ. Дээвэр дээр унасан өргөгч цамхаг ойролцоогоор 500 тонн жинтэй байсан бөгөөд дээврийн хамгийн сүүлчийн хэсгийг дуусгахаар ажиллаж байжээ. Энэ хэсгийг дуусаад, цэнгэлдэхийг улсын комисст хүлээлгэн өгөх байсан юм байна. Ослын улмаас энд болох байсан дэлхийн аваргын тэмцээнийг цуцлахад хүрээд байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, Сао Пауло цэнгэлдэх хүрээлэнг барихад 273 сая евро зарцуулсан бөгөөд 69 мянган суудалтай гэнэ.
Г.АРИУНЦАЦРАЛ