Өөрийн улсын Стратегийн зориулалттай пуужинт цэргийн зэвсэглэлд тив хоорондын газарт байрлалтай 22 баллистик пуужин нийлүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэгэхдээ чухам ямар пуужингийн талаар ярьж буйгаа тэрбээр тодруулсангүй. Гэхдээ байлдааны цогцолбор нь пуужингаас эсэргүүцэн хамгаалах аливаа системд саад учруулахааргүй байх ёстойг онцолсон байна. Стратегийн зориулалттай пуужинт цэргийг 2013 онд багтаан "Ярс" хэмээх пуужингийн цогцолбороор хангахаар төлөвлөж буй гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу урьд өмнө нь мэдэгдэж байсан юм.
Новосибирск, Козелийн цэргийн нэгтгэлүүдийн зэвсэглэлийг нэмэгдүүлэх Тагилын нэгтгэлийн зэвсэглэлийг сайжруулах ажлыг нэгэнт эхлүүлээд байгаа гэж энэ салбарын командлагч, хурандаа генерал Сергей Каракаев урьд нь бас мэдээлж байсан. Түүнээс гадна Эрхүү, Ясненийн пуужингийн нэгтгэлийн зэвсэглэлийг нэмэгдүүлэх аж. Тодруулахад "Ярс" нь "Тополь-М"-ийн сайжруулсан хувилбар аж. “Ярс” нь 11 мянган км тусгалтай бөгөөд 150-300 килотонн хүчтэй цөмийн цэнэгт хошуу дөрвийг тээх чадалтай юм байна. Мөн РС-24 хэмээх пуужинтай бөгөөд тэд нь пуужингаас эсэргүүцэн хамгаалах цогц хэрэгсэлтэй юм. Түүнчлэн энэ хэрэгслийг сөрөг этгээд нь илрүүлэхэд түвэгтэй юм байна. РС-24 пуужинг анх 2010 оны зун зэвсэглэлд нийлүүлсэн аж.
Оросын цэргийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар АНУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем бий болгосны хариу болгож энэ пуужинг зохион зохион бүтээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Димитрий Песковын тайлбарласнаас үзвэл Владимир Путин батлан хамгаалахын асуудлаар энэ долоо хоногт Сочид зөвлөлгөөн зохион байгуулах аж.
Р.ЖАРГАЛАНТ