Сири улсад сүүлийн хоёр жил гаруй үргэлжилж буй иргэний дайнд энгийн иргэд тэр дундаа хүүхдүүд золиос болж байгаад дэлхий нийтээр анхаарал хандуулахыг НҮБ уриалжээ. Британийн “Oxford research group” олон улсын байгууллагын судалгаагаар өнгөрсөн хугацаанд тус улсын 11.420 хүүхэд үймээн самууны улмаас амиа алджээ. Тус байгууллагын тайланд дурдсанаар амь үрэгдсэн 0-17 насны 10 хүүхэд тутмын долоо нь агаарын цохилт болон гар бөмбөгний дэлбэрэлт, бууны суманд өртсөн аж. Үүнээс гадна тав хүртэлх насны 100 орчим хүүхэд самуун дэгдээгчдийн гарт тамлуулж, 800 хүүхэд ямар нэгэн байдлаар “хэрэгтэн” болж буудах ял авч амиа алдсан байна.
Мөн бага, дунд насны 400 хүүхэд мэргэн буучийн суманд өртөж, 128 нь өнгөрсөн наймдугаар сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэсэн дайралтын золиос болон нас баржээ. Энэ нь Сирийн иргэний дайнд хүүхэд тохиолдлын хохирогч биш болсныг гэрчилж буйг тайланд онцолсон байна. “Oxford research group” бол 1982 оноос олон улсын аюулгүй байдлын талаар судалгаа хийж буй байгууллага юм.
Дашрамд дурдахад, НҮБ-ын тайланд дурдсанаар Сирийн дотоодын үймээн самууны улмаас 70 мянга гаруй энгийн иргэн амиа алдасан аж.
Э.ХАНА