Маргаантай байгаа Сенкаку арлыг оруулан Дорнод Хятадын тэнгист агаараас эсэргүүцэн хамгаалахын таних бүс байгуулахаар БНХАУ шийдсэнтэй холбогдуулан АНУ холбоотны нь хувьд аюулгүй байдлыг нь хангахаар Японы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээ нотлов. Ийм бүс байгуулж буйг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел “Тус бүс нутаг дахь статус-квог өөрчлөх гэсэн оролдлого” хэмээн нэрлээд, “Хятадын дангаар хийж буй энэ үйлдэл нь нөгөө орны төлөвлөж буй ажлыг буруугаар ойлгож, буруу дүгнэлт хийснээр зөрчил үүсэж болох эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж тэмдэглэв. Түүнчлэн БНХАУ-ын шийдвэр энэ бүс нутагт АНУ-ын явуулах үйл ажиллагааны шинж чанарыг огтхон ч өөрчлөхгүй гэж сайд анхааруулав.
Бүс нутаг дахь түгшүүртэй байдлыг хурцатгаж, АНУ болон холбоотнуудын маань эрх ашгийг хөндсөн ийм алхмын Хятад улс хийсэнд Барак Обамагийн засаг захиргаа нэн түгшиж байна гэж Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Кейтлин Хэйден мэдэгдлээ. Сэтгэл нэн түгшиж буйгаа бид Хятадын удирдлагын сонорт хүргэсэн бөгөөд тус бүс нутаг дахь холбоотон хийгээд түншүүдтэйгээ нухацтай зөвлөлдөх болно гэж тэрбээр хэлжээ. Тодруулахад, таних бүс байгуулснаа Хятадын Батлан хамгаалах яам өнгөрсөн бямба гаригт зарласан аж. Одоогоор Сенкаку арал Японы хяналтад байгаа ч Хятадын тэнгисийн цагдаагийн хөлгүүд түүнд харьяалагдах усанд байсаар байгаа юм. Энэ бүсэд байхдаа лавлагаанд нь хариу өгөөгүй, шийдвэрт нь захирагдаагүй агаарын ямар ч хөлгийн эсрэг Хятадын зэвсэгт хүчин батлан хамгаалах шинж чанартай арга хэмжээ авах болно гэж Хятадын Батлан хамгаалах яам анхааруулав.
Гадаадын агаарын хөлгүүд энэ бүсээр дайран өнгөрөхдөө нислэгийн төлөвлөгөөгөө зохих цагт нь БНХАУ-ын ГХЯ-нд ирүүлж, лавлагаанд нь хариулт өгч, тод томруун таних тэмдэгтэй байхыг шаардсан байна. Тэгвэл Сенкаку арал Япон улсад харьяалалтайг нь АНУ хүлээн зөвшөөрч, түүнтэй холбоотой маргаан нь Америк, Японы хамтын ажиллагаа, аюулгүй байдлын баталгааны тухай Гэрээний хүрээнд хамаарна гэж үзэж байгаа юм. Энэ баримт бичиг ёсоор бол тус арал руу хийсэн аливаа довтолгоог АНУ өөрийн үндэсний аюулгүй байдалд учруулж буй аюул хэмээн үзэх юм байна.