ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр өдрийн айлчлал хийхээр өчигдөр Ватикан, Италийг зорив. Тэрбээр Ерөнхийлөгчийн гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших бүтэн хагас жилийн хугацаанд Аненниний хойг руу анх удаа айлчилж буй нь энэ юм. Путин Ерөнхий сайд байхдаа 2010 оны дөрөвдүгээр сард Италид ирж байжээ. Төлөвлөсөн ёсоор Путин өчигдөр Ватиканд айлчилж, Италийн Ерөнхийлөгч Жоржо Наполитано, Ерөнхий сайд асан, НҮБ-ын тусгай төлөөлөгч Романо Проди нартай уулзсан байна. Оросын Төрийн тэргүүн өнөөдөр Триеста хотод очиж, Италийн Ерөнхий сайд Энрико Леттатай Орос-Италийн зөвлөлдөх уулзалт хийх юм. Кремлийн албан ёсны төлөөлөгчийн хэлснээр бол Ромын хамба лам Франциск болон Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга Пьетро Паролин нартай анх удаа уулзана.
В.Путин, П.Иоанн Павелтай уулзаж буй нь
Ромын хамба лам, Путин хоёрын ярилцах нэг гол асуудал нь Сири дэх зөрчилдөөнийг зохицуулах тухай байх аж. Өнгөрсөн есдүгээр сард Санкт-Петербург хотноо “Хорь”-ийн дээд хэмжээний уулзалт болохын өмнө хамба лам Путинд илгээлт явуулж, Сирийн асуудлыг хүчээр шийдвэрлэхийн эсрэг байгаагаа илэрхийлж байсан юм. НҮБ, Европын зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулах талаар тэд бас ярилцах юм байна. 2009 оны арванхоёрдугаар сард Орос, Ватиканы хооронд бүрэн хэмжээний дипломат харилцаа тогтоосноос хойш Оросын Төрийн тэргүүн гурав дахь удаагаа айлчилж буй нь энэ аж. Путин Ромын одоогийн хамбын өмнө байсан II Иоанн Павелтай 2000, 2003 онд, XVI Бенедикттэй 2007 онд уулзаж байжээ.
Р.ЖАРГАЛАНТ