Энэ ярилцлагыг Германы зохиолч Эмиль Людвиг 1931 оны эхээр Иосиф Сталинтай хийжээ.
Людвиг (1881-1948) алдар цуутай хүмүүсийн амьдралаар олон роман бичжээ. Тухайлбал “Наполеон” (1906), “Бисмарк” (1912), “Гёте” (1929), “Микеланжело” (1930), “Шлиман” (1932), “Рузвельт” (1938), “Бетховен” (1943). Тэрбээр Сталины намтрыг бичихээр шийдэн Москвад ирж, 1931 оны арванхоёрдугаар сарын 13-нд Кремльд түүнтэй уулзсан байна. Эмиль Людвиг нацист дэглэмийг эсэргүүцдэг байснаас Гитлерийг засгийн эрхэнд гарч ирмэгц эх орноосоо явжээ. 1932 онд Швейцарийн иргэн болж, 1941 онд Америкт цагаачилсан аж. 1948 онд Швейцарьт нас баржээ.
-Би 20 гаруй жил түүхэн хүмүүсийн амьдрал үйл ажиллагааг судалж буй юм. Гэхдээ би хүмүүсийг мэддэг ч нийгэм-эдийн засгийн асуудлыг ер ойлгодоггүй. Тийм болохоор танд миний тавих зарим асуулт хачирхмаар санагдаж магадгүй. Өнөөдөр би Кремль дотуур явж байхдаа Их Петр хаантай холбоотой зүйл хэд хэдийг олж харлаа. Петр хаан та хоёрт адил төстэй юм байх шиг байдаг уу. Та өөрийгөө Петрийн үйл хэргийг үргэлжлүүлэгч гэж үздэг үү?
-Бид хоёрт адил төстэй юм огт байхгүй. Би өөрийгөө Петрийн үйл хэргийг залгамжлагч гэж боддогг үй. Би бол Лениний шавь. Түүний шавийн үүргээ нэр төртэй биелүүлэх нь миний амьдралын зорилго. Ленин, Петр хаан хоёрыг авч үзэх юм бол Петр нь далайд дусал төдий, тэгвэл Ленин бүхэл бүтэн далай юм.
-Түүхэнд бие хүний гүйцэтгэх үүргийг марксизм үгүйсгэдэг. Тэгвэл та түүхэн бие хүний гүйцэтгэх онцгой үүргийг хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тэгэхээр энэ чинь түүхийн талаарх материалист ойлголттой зөрчилдөж буй юм биш үү?
-Үүнд зөрчилдөж буй юм ерөөс байхгүй. Нэр цуутай хүм үүсийн үүргийг марксизм үгүйсгэдэггүй. Марксын “Философийн гуйланчлал” бүтээлд түүхийг хүмүүс бүтээдэг гэж бичсэн бий. Марксыг Оросын большевикууд бид хамгийн наад зах нь ингэж ойлгодог.
-ЗСБНХУ-ыг нэг талаас бүх асуудлыг хамтран шийддэг гэж үзэж байхад ганц хүн бүхнийг шийдэж байдаг гэж үздэг хүмүүс ч байдаг. Асуудлыг үнэн хэрэг дээрээ хэн шийдэж байна вэ?
-Ганцаар шийдэж болохгүй л дээ. Аливаа хамт олон дотор санаа бодлыг нь хайхрахгүй байж болохгүй хүмүүс байдаг. Мөн буруу бодол санаатай хүмүүс ч бий. Ганцаар мэдэж гаргасан 100 шийдвэрийн 90 нь нэг талыг барьсан байдгийг гурван хувьсгалд оролцсон туршлагаасаа бид мэдэх юм.
-Та бол нууц ажил олон жил хийсэн хүн. Зөвлөлт засгийн дайснууд та бүхний энэ туршлагыг Зөвлөлт засгийн эсрэг тэмцэлдээ ашиглаж болно гэж та үздэг үү?
-Ийм боломж бүрэн бий.
-Өөрийн дайснуудтай тэмцэхдээ та бүхэн хайр найргүй ханддаг нь чухам ийм боломж бүрэн бий гэж үздэгтэй чинь холбоотой юу?
-Гол шалтгаан нь энэ биш. Большевикууд засгийн эрхэнд гараад дайснууддаа зөөлөн хандсан юм шүү дээ. Меньшевикүүд, эсерүүд, кадетууд байж л байсан, тэд өөрсдийн сониныг гаргаж л байсан. Генерал Краснов хувьсгалын эсрэг тэмцээд Ленинград руу довтолж бидэнд олзлогдсон. Тэгэхэд түүнийг наад зах нь олзонд байлгаад байж болох, ер нь бол бид түүнийг буудчих ёстой байсан шүү. Гэвч бид түүнийг тавьж явуулсан. Тэгвэл ийм зөөлөн өршөөнгүй хандлага Зөвлөлт засгийн цамхгийг л нураадаг болох нь удалгүй тодорхой болсон. Ажилчин ангийн дайсанд энэрэнгүй хандсанаар бид алдаа хийсэн. Генерал Краснов цагаан гвардын казахуудын хүчийг нэгтгэн зохион байгуулаад Мамонтовтой нийлж Зөвлөлт Засгийн эсрэг хоёр жил зэвсэглэж тэмцсэн.
-Таны намтартай холбоотой зарим асуулт тавихыг зөвшөөрнө үү. Масариктай ярилцаж байхад зургаан настайдаа л өөрийгөө социалист болсон юм байна гэж үзсэн гэж хэлсэн. Та хэзээ хэрхэн социалист болов?
-Зургаан наснаасаа л социализм руу татагдсан гэж би хэлж чадахгүй. Түүгээр ч барахгүй 10, 12 настайдаа ч гэж хэлэхгүй. Кавказын чанадад аж төрж байсан Оросын марксистуудын нууц бүлгүүдтэй холбогдсон үеэсээ буюу 15 настайдаа хувьсгалт хөдөлгөөнд оролцсон.
-Америкийн гэсэн юм бүхэнд ЗХУ-д гойд хүндэтгэлтэй ханддаг нь надад анзаарагдсан. Түүгээр ч барахгүй долларын эх орон, хамгийн тууштай капиталист орны өмнө оросууд бөхөлзөж байна ч гэж би хэлмээр байна. Ийм байдал танай ажилчин ангид ч байна. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Та хэтрүүлж байна. Америк гэсэн юм болгонд онцгойлон хүндэтгэлтэй хандах явдал манайд байхгүй. Тэгэхдээ аж үйлдвэрт ч, техникт ч, уран зохиол, амьдралын ер юм бүхэнд америкчууд бүтээлч ханддагийг нь бид үнэлдэг. Гэхдээ АНУ нь капиталист улс гэдгийг бид ер мартдаггүй. Америкчуудын дунд аливаад эрүүл саруулаар ханддаг хүн мэдээж олон бий.
-ЗХУ, Германы уламжлалт найрамдал нөхөрлөлийн бодлого хойш тавигдаад байна уу гэх болгоомжлол сүүлийн үед Германы улстөрчдийн дунд байгааг нуух аргагүй болсон. ЗХУ, Польштой гэрээ хэлэлцээр байгуулсантай холбоотойгоор ийм болгоомжлол бий болсон. Эдгээр гэрээ хэлэлцээрийн дүнд Польшийн одоогийн хилийн заагийг ЗХУ хүлээн зөвш өөрвөл Германы ард түмэнд хүнд тусах болно...
-Миний бодлоор ингэж болгоомжлох нь буруу. Үл довтлолцох тухай гэрээг аль ч улстай байгуулахад бэлнээ бид зарласаар ирсэн. Өнөөдөр нэгийг амлаж хэлж байснаа маргааш нь түүнийгээ мартдаг эсвэл үгүйсгэдэг. Тэгэхдээ царай нь өчүүхэн ч хувирдаггүй улстөрч байдаг. Бид тэгвэл тэднээс өөр. Бид ингэж хандахгүй. Нууж хийсэн болгон удалгүй ил болдог. Хэрэв бид нэгийг ярьж, нөгөөг хийж ирсэн бол олон түмний дунд нэр хүндээ алдах байсан. Үл довтлолцох тухай гэрээ байгуулахад бэлнээ польшууд мэдэгдэхээр нь бид зөвшөөрч гэрээ байгуулах ажилд орсон. Германд ханддаг бидний найрсаг хандлага өнөө хүртэл байсан шигээ байх болно. Би ийм хатуу итгэлтэй байдаг. Тийм болохоор таны яриад байгаа болгоомжлол үндэслэлгүй юм. Зарим нэг польш, франц хүмүүсийн тараасан цуурхал дээр үндэслэж ийм болгоомжлол бий болсон байх. Польш гарын үсэг зураад үл довтлолцох гэрээг нийтэлчихээр энэ болгоомжлол байхгүй болно. Энэ гэрээнд Германы эсрэг үг, үсэг ч байхгүйг бүгд үзэж, итгэнэ.
-Та пүүшиг тамхи татдаг. Таны домогт гаанс чинь хаана байна. Үг, домог алга болж, үйлс бүтээл үлддэг гэж та нэгэнтээ хэлсэн. Гэтэл хэлсэн үг, хийсэн ажлыг чинь мэдэхгүй хүн хилийн чанадад олон сая бий. Гэхдээ тэд таны гаансыг мэддэг...
-Гаансаа гэртээ мартсан байна.
-Таны амьдралд аюул, эрсдэлтэй явдал нэг бус удаа тохиолдож байсан. Таныг мөрдөн мөшгиж байв. Та тулаанд оролцож байлаа. Таны дотнын олон нөх өр амиа алдсан. Та харин амьд үлдсэн. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ. Та хувь тавиландаа итгэдэг үү?
-Би хувь тавиландаа итгэдэггүй. Большевикууд, марксистууд мухар сохор юманд итгэдэггүй юм.
-Тэгэхлээр та эсэн мэнд байгаа нь санамсаргүй явдал уу?
-Дотоод, гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр би амьд байгаа юм. Гэхдээ үүнээс огт үл хамааран миний оронд өөр хэн нэгэн байх л байсан. “Хувь тавилан” гэдэг бол зүй тогтолт бус, ид шидийн ч гэмээр зүйл юм. Түүнд би итгэдэггүй. Аюул осол миний хажуугаар өнгөрөх тохиолдол бол байсан. Үйл явдлыг эсрэг үр дүнд хүргэх тохиолдол, шалтгаан олон бий. Үүнд хувь тавилан огт хамаагүй.
-Үндэстний хувьд германчууд эрх чөлөөнөөс илүү дэг журамд дуртай гэж та үздэг үү?
-Германд үнэхээр хуулийг дээдэлж байсан үе бий. 1907 онд би Берлинд 2-3 сар байхад яг энэ хууль дээдлэх байдлаас нь болоод Оросын большевикууд зарим герман нөхдөө шоолдог байлаа. Нэг онигоо ч байдаг юм. Берлиний социал-демократууд нэг тодорхой өдрийн тодорхой цагт жагсаал хийхээр зарлаж. Хотын нэг захаас 200 хүнтэй нэг цуваа товлосон цагт хотод орж ирсэн ч жагсаалд очсонгүй. Галт тэрэгний буудлаас гарахад тасалбар шалгадаг хүн нь байхгүй байсан учир жагсаалд оролцохоор ирсэн тэд вокзалаас гараад явчихаж чадалгүй хоёр цаг хүлээсэн аж. Нэг орос нөхөр тэнд байсан бол тасалбараа шалгуулалгүйгээр вокзалаас гарах аргыг тэдэнд хэлж өгөөд асуудлыг түвэггүй шийдэх байсан гэж. Одоо бол Германд ийм байдал бий гэж үү. Одоо Германд хууль дээдэлж байгаа юм уу. Сүүлийн үед германчууд их өөрчлөгдсөн гэж боддог шүү.
-Ажилчин ангийг ямар нөхцөлд нэг намын удирдлага дор бүрэн нэгтгэх боломжтой вэ. Коммунистуудын ярьдгаар ажилчин ангийг ийн нэгтгэх нь яагаад зөвхөн пролетарийн хувьсгалын дараа л боломжтой вэ
-Ажилчин ангийг коммунист намыг тойруулан нэгтгэх явдлыг пролетарийн хувьсгал ялсан нөхцөлд л хэрэгжүүлэх нь амар хялбар байх болно. Тэгэхдээ үүнийг бас хувьсгалын өмнө хэрэгжүүлж ч болно.
-Нэр алдарт дуртай байх нь түүхэн том бие хүний үйл ажиллагаанд урагш түлхэх хүч болох уу, эсвэл саад тотгор болох уу?
-Нэр алдарт дурлах явдал нь тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалж янз бүрийн үүрэг гүйцэтгэнэ. Тэгэхдээ ихэнхдээ саад болдог.
-Октябрийн хувьсгал нь ямар нэг агуулгаараа Францын их хувьсгалын үргэлжлэл, төгсгөл нь мөн үү?
-Октябрийн хувьсгал нь Францын их хувьсгалын үргэлжлэл нь ч, төгсгөл нь ч биш. Францын хувьсгал феодализмыг устгаж, капитализмыг баталгаажуулах зорилготой байсан бол капитализмыг үгүй хийж, социализмыг баталгаажуулах нь Октябрийн хувьсгалын зорилго байсан.
Р.ЖАРГАЛАНТ