Бельгийн ван II Альбертийн хүү 53 настай Филипп Бельгийн Саксен-Кобург-Готын анхны бөгөөд цорын ганц удмын долоо дахь ван болсон юм. Энэ удам Нидерландаас тасарсан Бельги мужийг I Леопольд тэргүүлэх болсон 1831 оны долдугаар сарын 21- нээс эхтэй. Тэр цагаас хойш энэ өдрийг Бельгийн үндэсний баяр, вангийн ширээг залгамжлагчдаа шилж үүлдэг өдөр болгожээ. Бельгид одоо хоёр ван, вангийн гурван хатан байдаг нь шинэ ван I Филипп, түүний хатан Матильда, хүүдээ халаагаа өгсөн Альберт, түүний гэргий Паола, түүнчлэн 1951 оноос Бельгийг захирч байгаад 1993 онд өөд болсон Альбертийн ах Бодуэний бэлэвсэн эхнэр Фабиола нар юм. Нас нөгчсөн хаадын хэргэм зэрэг энд хэвээр хадгалагддаг ёстой. Хаан ширээг эзэгнэгчийг халж солих нь улс төрийн ихээхэн шалтгаантай гэж шинжээчид тэмдэглэсэн байдаг.
Бельги бол тус бүртээ хууль тогтоох эрх мэдэл бүхий Фландри, Валлони, нийслэл Брюсселийн гэсэн гурван бүс нутгаас бүрддэг Холбооны улс юм. Фландри нь 6.2 сая, Валлони нь бараг 3.5 сая, Брюссель нь сая орчим хүнтэй. 200 шахам жил нэгэн дээвэр дор байсан ч фламанд хэлтэй Фландри, францаар ярьдаг Валлони хооронд соёлын ялгаа байсаар байдаг. Валлони болон тусгаар тогтнохыг эрмэлздэг Фландри хоёрын зөрчлийг зөөлрүүлэх гэж II Альберт хаанчлалын хугацаандаа ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Тухайлбал, 2010 оны сонгуулийн дараа түүний идэвхтэй оролцоотойгоор энэ хоёр бүс нутгийн улстөрчид 500 гаруй хоног ярилцаж байж одоогийн холбооны Засгийн газрыг төвхнүүлсэн түүхтэй. 2014 онд Бельгид Парламентын ээлжит сонгууль болно. Энэ сонгууль зөрчил, санал зөрөлдөөнийг хурцатгаж, улс төрийн ноцтой хямрал дагуулна гэдэгт эргэлздэггүй хүн одоо Бельгид байхгүй гээд хэлчихэд болохоор. Энэ үед талуудыг хэлэлцээний ширээний ард суулгаж тохиролцоонд хүргэхэд шаардлагатай хүчин чармайлтыг II Альберт гаргах тэнхэл байхгүй гэж үзсэн. Энэ үүднээс үзвэл эрх мэдлийг цагийг нь олж шилжүүлсэн нь үүргээ ухамсарлаж, сонгуулиас өмнө зохих хэмжээний нэр хүнд олж авах боломжийг шинэ ван Филиппэд олгосон явдал болсон юм. Бельгичүүд вандаа хандах нь харилцан адилгүй.
Саяхан явуулсан санал асуулгаар франц хэлт бельгич үүдийн 66 хувь нь Филиппийг сайн удирдагч байж чадна гэж итгэсэн бол энэ байр суурийг фламандчуудын 49 хувь нь хуваалцаж байжээ. Бельгийн франц хэлтэй хүн амын ихэнх хэсэг нь вангаа хадгалагдаж үлдээд байгаа үндэсний сүүлчийн бэлгэ тэмдгийн нэг гэж үздэг хэмээн Левенийн их сургуулийн улс төрийн судалгааны төвийн профессор Барт Мадденс нотолж байна. “Францаар ярьдаг олон бельги хүн ванг эх орноо нягтруулж буй цемент гэж үздэг” хэмээн тэрбээр хэлжээ. Гэхдээ шинэ эвсэл бүрдүүлэх яриа хэлэлцээрт дорвитой нөлөө үзүүлэхүйц болтлоо Филиппийн нэр хүнд өснө гэх магадлал бага гэж Мадденс үзэж байна. Сонгууль болоход ердөө арван сарын хугацаа үлдсэн. Филиппийн ирээдүйг зөгнөж түүний ахынх нь ойр шадар хүн Герман Либарс 1991 онд хэлсэн “Хөөрхий дөө, тэр хүчрэхгүй дээ” гэсэн үгийг хүмүүс одоо хэр нь мартаагүй байгаа. Түүхч Марк ван ден Вейнгарт “Бельги ба түүний хаад” номондоо Бельги улс хэзээ нэгэн цагт задарна гэж айж буй учраас эрхэм дээдэс I Филипп хүмүүсийг холбосон гүүр тавихыг хичээж байна гэж бичжээ. Бельгийн одоогийн вангийн бүтэн нэр нь Филипп Леопольд Людовик Мария юм. Тэрбээр 1960 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн байна.
Хунтайж Филипп 18 настайдаа Брюссельд байдаг Хааны цэргийн сургуульд орж Бельгийн хааны гэр бүлийн гишүүний хувьд уламжлал болсон цэргийн эрдэмд гурван жил суралцжээ. Залуудаа усан цэрэгт алба хааж явсан эцэг II Альбертаасаа ялгаатай нь Филипп агаарын цэргийн хүчинд ажиллахыг илүүд үзсэн аж. Тэгээд 20 настайдаа сөнөөгч онгоцны нисгэгч болж, бага дэслэгч цол авчээ. 1982 онд Филипп тусгай зохиулалтын хүчний офицерийн дамжаа дүүргэж, шүхэрчдийн салаа командлах болов. Гурван жил өнгөрөхөд хаан ширээ залгамжлах хунтайжийн хувьд дэслэгч генерал, дэд адмирал цолтой боллоо. Филипп 25 настайдаа Оксфорд, Стэнфордын их сургуулиудад иргэний боловсрол эзэмшиж улс төрийн шинжлэх ухааны мэргэжилтний диплом өвөртлөв. Эцэг нь мотоцикль унах дуртай байсан бол Бельгийн шинэ ван нисэх онгоцонд хорхойсдог нэгэн. II Альберт вангийн ширээнд заларсан хойноо ч нууцаар мотоцикль унан хурдалдаг байв. Тэгвэл Филиппийн жижигхэн улаан нисдэг тэрэг хааны өргөө байдаг Брюсселийн Лакен хороолол дээгүүр бараг өдөр бүр үзэгдэнэ. Гэвч аюулгүй байдлын үүднээс сахих ёстой дэг журамд нь нийцэхгүй болсон тул Филипп одоо нисэхээ больсон аж.
Хунтайж Филипп 1999 оны арванхоёрдугаар сард Матильда Д’Удекем д’Акозтой гэрлэв. Ийнхүү Матильда гэдэг бүсгүй вангийн бельги гаралтай анхны хатан боллоо. Саксен-Кобург-Гот улсын өмн өх зургаан хаан гадны гүнж нартай суусан байв. Шинэ вангийн гэр бүлийг сайн мэдэх хүм үүс “Матильдагийн гайхалтай гоо үзэсгэлэн, бусдыг өөртөө татах чадвар, Филиппийн ер бусын даруу байдлыг” нь биширдэг гэдэг. Бельгийн шинэ вангийнх дөрвөн хүүхэдтэй. Ууган охин 11 настай Элизабет нь одоо вангийн ширээг залгамжлагч болж, гүнжийн хэргэм хүртээд буй. Түүний дүү 10 настай Габриель, найман настай Эммануэль, таван настай охин Элеонара нар нь олон хүн цугласан, албан ёсны нүсэр ёслолд бишүүрхэхгүй оролцож явах болсон байна. 1993 оны наймдугаар сарын 6-нд эцэг II Альбертаа хаан ширээнд суумагц Филипп аяндаа угсаа залгамжлагч хунтайж болсон. Тэгээд Бельгийн Гадаад хуралдааны агентлаг болон хилийн чанад дахь Бельгийн худалдааны олон байгууллагыг удирдах болжээ. Тэрбээр энэ зуун гарсаар ОХУ-д гурвантаа ирсэн байна.
Филипп хийгээд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хооронд ихээхэн өвөрмөц харилцаа байдаг. Хэн нэг улстөрчийн амнаас ядах юмгүй уначихдаг оновчгүй, тийм ч хурц биш үгнүүдийг хэлснийх нь төлөө хэвлэлүүд Филиппийг уучилдаггүй бөгөөд үүнээс болж Бельгид шуугиан дэгдэж байсан удаа цөөнгүй. Түүгээр ч барахгүй түүний хувийн чанараас нь болоод вангийн суудалд сууна гэдэгт нь эргэлзэх бодол ч хүмүүст төрж байсан гэдэг. Гэвч II Альбертийн ширээг шилж үүлэх хүрээнд вангийн ордон сүүлийн нэг жилийн хугацаанд болгоомжтой, нягт бодож боловсруулсан кампанит ажил явуулж, Филипп ч өөрийгөө ихэд хянаж, үг хэлэх, мэдэгдэл хийхдээ юмны голыг сүрхий олж, олон нийтийн арга хэмжээ, сунжирсан урт ёслолд оролцохдоо цуцашгүй эрч хүчтэй болохоо харуулсан байна. Ямар сайндаа л угсаа залгамжлах хунтайж өдөр тутам гүйцэтгэх үүргийнхээ хүрээнд их ачаа үүрэх болсноос 53 настай тэрбээр 20 кмийн зайд гүйхдээ энэ зайг анзааралг үй өнгөрсөн гэнэ лээ хэмээн сэтгүүлчид наргиан болгож байх вэ. Түүнийг вангийн ширээнд залах ёслолын үеэр Парламентын депутатууд болон жирийн иргэд алга нижигнэтэл ташин, баяр хүргэж байснаас үзэхэд бельгичүүд шинэ вангийнхаа чадварт эргэлзэхээ больсон гэлтэй.
Бельгичүүд вандаа хэчнээн хүндэтгэлтэй хандлаа ч түүний халаасанд хяналт тавихдаа огт нэрэлхэж цээрлэдэггүй. Шинэ ванг ширээнд нь залахын өмнө Бельгийн Засгийн газар маш явцуу хүрээнд вангийн төсвийг батлав. Ван албан үүргээ гүйцэтгэхийн тулд жил бүр 11.55 сая евро зарцуулах аж. Вангийн ордны ажилчид, үйлчлэгчдийн цалин хөлснөөс аваад Төрийн айлчлал хийхэд зарцуулах бүх хөрөнгө үүнд багтаж байгаа юм. Филипп бас жилд 700 мянган еврогийн татвар төлнө. Зардлыг түүний засаглал дуусах хүртэл Парламент ч, Засгийн газар ч өөрчлөх ёсгүй. Харин мөнгөний ханшны өөрчлөлтийг тухай бүрт нь тусгана.
Р.ЖАРГАЛАНТ