Парис хотноо “Liberation” сонины байранд буутай орсон хүн хэн болохыг Францын цагдаа нар тогтоосон байна. Түүнийг Абдельхаким Дехар гэдэг, урьд нь шүүхийн хаалга татаж явсан нэгэн аж. 1998 онд шүүх түүнд дөрвөн жилийн ял өгсөн байна. Дехарыг энэ сарын 20-ны орой Парис хотын баруун дүүргээс баривчилжээ. “Liberation” сонины газар хүн буудсан хүний дүрс бичлэгт үлдсэн төрхтэй адилхан байсан нь түүнийг баривчлахад хүргэснээс гадна тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн байсан тул эхлээд эмнэлэгт аваачжээ.
Энэ сарын 18-нд нэгэн эрэгтэй хүн (Дехар) дээрх сонины байранд орж ирээд ангийн буугаар хоёр удаа буудаж, 27 настай зурагчныг шархдуулсан байна. Буу нь баарснаас тэр этгээд дахин буудаж чадсангүй. Үүнээс хэдэн цагийн дараа тэрбээр гудамжинд гал нээсэн ч суманд нь хүн өртсөнгүй. Тухайн хүн гудамжинд буу барин, танхайрахаасаа өмнө 60 настай эрэгтэй хүнийг барьцаанд авч өөрийгөө саяхан шоронгоос гарсан гэж хэлээд Елисейн талбайд хүргэж өгөхийг шаарджээ.