АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн охин Кэролайн Кеннеди улсынхаа Элчин сайдын албыг гүйцэтгэхээр Японд ирлээ. Түүнийг япончууд ихэд талархан хүлээж авав. Шинэ Элчин сайдыг Японы Эзэн хаанд итгэмжлэх жуух бичгээ гардуулахаар явах замд олон хүн цугласан байлаа.
Тэрбээр олон зууны уламжлалтай, морь хөлөглөсөн сүйх тэргээр Эзэн хааны ордонд очсон юм. Япон улсад суухаар ирж буй аль ч улсын Элчин сайд Эзэн хаанд нь бараалхдаг уламжлалтай ч Кэролайн Кеннеди 50 жилийн өмнө амиа алдсан АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчийн охин байсан нь, Японд суух анхны эмэгтэй элчин төлөөлөгч байсан нь олны анхаарлыг эрхгүй татсан байна.
Кэролайн Кеннеди 1957 онд Нью-Йорк хотноо төржээ. 1963 оны арваннэгдүгээр сард эцгээ амь үрэгдэхэд Кэролайн зургаан настай байв. Жон Кеннедийг амиа алдсанаас хойш эдний гэр бүл Манхэттенд суурьшжээ. Кэролайн Харвардын их сургуулийн дэргэдэх коллежид сурч, 1988 онд Колумбын их сургуульд эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалав. Харвардад сурч байхын л гэрэл зураг сонирхож, 1976 онд Инсбрукт болсон Өвлийн олимпийн тоглолтод фото сурвалжлагчийн туслахаар ажиллажээ. Гэхдээ түүний гол үйл ажиллагаа эрх зүй, улс төр, буяны үйлстэй холбоотой болсон юм. 2002-2004 онд тэрбээр Нью-Йоркийн Боловсролын газрын Стратегийн түншлэлийн газрын захирлаар ажиллав. Тэрбээр Жон Кеннедигийн номын сангийн ерөнхийлөгчийн албыг одоо ч хашдаг аж. 2008 онд Барак Обамаг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд Кэролайн түүнийг дэмжиж, кампанит ажилд нь идэвхтэй оролцсон байна. Кэролайн нь Кеннедийнхний удмаас амьд үлдсэн цорын ганц хүн юм. Түүний дүү Жон 1999 онд амь үрэгдсэн. Ах Патрик нь 1963 оны наймдугаар сарын 9-нд дутуу төрсөн тул хоёр хоноод өөд болжээ.
Кэролайн 1986 оноос Эдвин Шлоссбергтэй гэрлэсэн, одоо гурван хүүхэдтэй. Кэролайны эцэг Жон Фицжеральд Кеннедийг 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд буудаж хороосон. XX зууны хамгийн дуулиант энэ гэмт хэргийг Луизианагийн мафийн тэргүүн, “жижиг хүн” хочтой Карлос Марчеллогийн захиалгаар үйлдсэн гэж үздэг. Энэ хүн Жон Кеннедийг Ерөнхийлөгчийн ширээнд сууж, түүний дүү Роберт Кеннедийг ерөнхий прокурор болсноос хойш гурван сарын дараа баривчлагдан, 1961 оны дөрөвдүгээр сард Гватемал руу цөлөгдсөн байдаг. Карлос Марчелло Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Жон Кеннедигийн өрсөлдөгч Ричард Никсоны сонгуулийн компанид 500 мянган доллар хандивласан нь тухайн үеийн ханшаар асар их мөнгө байлаа. Ийм хөрөнгөө зарцуулсан Марчелло хэрэв сонгуульд Кеннеди ялбал яахыг сайн мэдэж байв. Роберт Кеннеди ч ерөнхий прокурор болчихоод “Чамд Америкт байх газар байхгүй, чамайг эндээс явуулна” гэж Марчеллод хэлсэн байдаг. Энэхүү Карлос Марчелло нь итали гаралтай америк бөгөөд 1940-өөд онд Нью-Орлеаны мафийн босс болж, 30 жил энэ ажлаа хийсэн этгээд юм.
1911 онд Америкт цагаачилж ирсэн цагаасаа л буруу замаар оржээ. Өсвөр насны дээрэмчдээс бүрдсэн бүлгийг толгойлж байсны учир анх удаа шоронд орсон байна. Тэрбээр бүр 1947 оноос Луизианна муж улсын мөрийтэй тоглоомын сүлжээнд хяналтаа тавьсан аж. Карлос Марчелло 1993 оны гуравдугаар сарын 3-нд нас баржээ.
Р.ЖАРГАЛАНТ