Хэт даварсан аливаа үйл ажиллагааны илрэлд хатуу чанга хандаж байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хууль сахиулах байгууллагуудад уриалав. Олон нийтийн газар, манай хотуудын гудамжинд дэг журам сахиулахын тулд шинэ шуурхай арга ажиллагааг нэвтрүүлэх нь чухал байна гэж тэрбээр дээд тушаалын офицеруудтай уулзахдаа хэлжээ.
Иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах, үйлдсэн гэмт хэрэгт нь гарцаагүй шийтгэл хүлээлгэхэд хууль сахиулах бүтцийн ажил чиглэх ёстой гэж тэрбээр үзсэн байна. “Умард Кавказын холбооны тойрогт анхаарлаа сулруулж болохгүй. Алан хядах шинж чанартай гэмт хэргийн үлэмж хэсэг нь чухамхүү энд гарч байгаа юм” хэмээн Путин онцлон анхааруулжээ.
Сөрөг тагнуулын үйл ажилагаа, стратегийн дэд бүтэц, хаалттай мэдээллийг хамгаалах нь Холбооны аюулгүй байдлын албаны ажлын гол чиглэл байсаар байх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Хилийн албаны хувьд хүч, хэрэгслийг зөв хуваарилах замаар хил хамгаалах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх нь чухал байна гэжээ. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад гадаад тагнуулын алба онцгой үүрэг гүйцэтгэнэ хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүн үзсэн байна. “Өнөө цагийн ертөнцөд хүчтэй болж байгаа цэрэг-улс төрийн үйл явцын төрх байдлыг бид бүрэн хэмжээгээр мэдэж, манай орны эргэн тойрны нөхцөл байдалд ямар бодит аюул нөлөөлж болохыг нарийн ойлгож байх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.
Аюулгүй байдалд нь туслах олон улсын хүчин Афганистанаас гарч явсаны дараа Оросын өмнөдөөс мансууруулах бодис орж ирэх нь нэмэгдэж болзошгүй тул энэ аюулд тохирсон хариуг нь өгөхөд бэлэн байх хэрэгтэй гэж Владимир Путин хэлсэн байна. Улс орныхоо цэрэг дайны аюулгүй байдлыг найдвартай хангаж, зэвсэгт хүчнийг өөрчлөн сайжруулах ажлыг үргэлжлүүлэх нь чухал хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Беларус улстай бий болгосон Агаарын эсэргүүцэн хамгаалах нэгдсэн системээ улам сайжруулж, Армен, Казахстан улсуудтай бүс нутгийн ийм систем бий болгохоор төлөвлөж буй талаар Путин дурдав. Ийн хамтран ажиллах нь Орос болон түншүүдийн батлан хамгаалах чадамжийг дээшлүүлж Евразийн өргөн уудам орон зайд энхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Р.ЖАРГАЛАНТ