БНХАУ-ын дарга асан Зян Зэминь болон өндөр дээд алба хашиж явсан дөрвөн хүнийг Төвдөд хоморголон хороох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж баривчлах шийдвэрийг Испанийн үндэсний шүүх гаргажээ. “Wall Street Journal”-д бичсэнээс үзвэл Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд байсан Ли Пен, Ерөнхий сайдын орлогч асан Цяо Ши, Төвдөд ХКН-ын хорооны дарга байсан Чен Киян, Гэр бүл төлөвлөлтийн сайд байсан Пэн Пеюнь нарыг эрэн сурвалжилж буйг зарласан байна. Энэ хүмүүс 1980-1990-ээд онд эрх мэдэлтэй байсан аж. Хятадын удирдагч байсан хүмүүсийг Төвдийн ард түмний эсрэг хоморголон хороох, тарчлаах, алан хядах ажиллагаа үйлдсэн хэмээн буруутгахад шаардагдах нотлох баримтуудыг найман жил мөрдөн шалгасны эцэст олж тогтоосон гэж дээрх шүүхийн шийдвэрт өгүүлжээ.
Эдгээр хүмүүсийн хэн нь ч Испани болон гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгч байхаар тохирсон аль ч улсын хилийг алхах юм бол баривчлах юм байна. Хятадын тал Испанийн шүүхийн энэ шийдвэрийг шүүмжилжээ. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг Бээжин “бодит байдалд үл нийцсэн” гэж үзэж буй аж. Түүгээр ч барахгүй Испанийг Хятадын дотоод хэрэгт оролцлоо гэж буруутгажээ. Төвд нь XIII зуунаас Хята дын бүрэлдэхүүнд байгаа бөгөөд тусгаар тогтнох, эсвэл өргөн автономит эрхтэй болох гэж олон жил тэмцэж ирсэн ч энэ шаардлагыг биелүүлэхээс Бээжин татгалзсаар ирсэн юм. 2008 оны гуравдугаар сард Төвдөд олныг хамарсан эмх замбараагүй явдал дэгдсэн бөгөөд үүнд хятадууд хилийн чанадад байгаа Далай ламыг буруутай гэж үзсэн.