Францын улс төрийн зүүний хүчний хэвлэл “Liberation” сонины байранд даваа гаригийн өглөө буутай этгээд орж ирэн гал нээж тус сонины гэрэл зурагчныг шархдуулаад гарч зугтжээ. Тэрбээр хоёр цагийн дараа Парисын “Societe Generale” банкны гадаа мөн хэд хэд буудсан боловч азаар хүний амь эрсдээгүй аж.
Дээрх балмад үйлдлийнхээ дараа гэмт этгээд таксины жолоочийг буугаараа сүрдүүлэн хотын төв Елисейн тал хүргэхийг тушаасан байна. Зорьсон газраа хүрсэн этгээд барьцаалсан жолоочийг явуулан өөрөө нэг тийш зугтан алга болсон аж.
Хамгаалалтын камерийн бичлэгээс үзэхэд “Liberation” сонины байранд гал нээсэн этгээд өнгөрөгч баасан гаригт “BFMTV” телевизийн мэдээний өрөөнд нэвтрэн буу гарган хүмүүсийг сүрдүүлж байгаад гарч зугтсан хүн мөн байжээ. Парисын цагдаагийн байгууллага гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд болсон гэмт хэргийг бүрэн тодруултал Францын хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүх байрыг хамгаалалтдаа авсан байна.