Цахим шуудан харилцааг хариуцдаг Их Британийн төрийн харилцаа холбооны төв (GCHQ) гадаадын дипломат ажилтнуудыг зочид буудалд байрласан үед нь тагнан чагнадаг байсан талаар Германы “Der Spiegel” сонин Сноудений шинэ материалуудад тулгуурлан бичжээ. Дэлхийн 350 гаруй зочид буудалд чагнах төхөөрөмж тавьсан энэхүү тагнуулын үйл ажиллагаа “Ройял Консьерж” гэдэг нууц нэртэй байсан бөгөөд гурван жилийн турш үргэлжилсэн аж.
“Ройял Консьерж” үйл ажиллагааны гол зорилго нь гадаадын диломатуудыг ямар зочид буудалд буухыг судлахад оршдог байжээ. Харин дараа нь тагнуулын албаны техникийн ажилтнууд сонгосон зочид буудалд нь тагнах хэрэгсэл суурилуулдаг байсан гэнэ. Уг тагнуулын үйл ажиллагааны хүрээнд зочид буудлуудын бүх компьютерийн систем, утасны сүлжээг хяналтдаа авч байснаас гадна дүрс дамжуулах төхөөрөмж ч ашигладаг байсан байна.
Их Британийн харилцаа холбооны төв “Der Spiegel” сонинд гарсан нийтлэлийн талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан аж. Тэгэхээр “Ройял Консьерж” төсөл дууссан эсэх талаар мэдэх боломжгүй юм.