Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээ дорвитой үр дүнд хүрэхгүй бол Израил, Саудын Араб улсууд хамтран тус улс руу довтлох асуудлыг авч үзэж байна гэж “The Sunday Times” сонин мэдээлэв.
Израилийн онгоцууд нутаг дэвсгэр дээгүүр нь нисэхийг Саудын Араб зөвшөөрөхөөр нэгэнт тохиролцоод байгаа аж. Түүгээр ч барахгүй Ираны эсрэг цэрэг дайны ажиллагаанд Саудын Араб нисгэгчгүй онгоцоо оролцуулах төдийгүй ачааны онгоц, аврагч нисдэг тэргүүдээр ч туслах юм байна.
Саудын Араб ийнхүү Иранаас сэрэмжилж буй нь түүний цөмийн хөтөлбөртэй холбоотой бололтой. Энэ асуудлаар Ираныг оролцуулан Женевт энэ сарын 20-нд болох Орос, АНУ, Герман, Хятад, Англи, Франц улсуудын төлөөлөгчдийн ээлжит яриа хэлэлцээнээс ямар шийдвэр гарахыг Иерусалим, Эр-Рияд хоёр хүлээж байгаа юм. Өмнөх яриа хэлэлцээрүүдээс талуудын санаанд нийцсэн шийдвэр гаргаж чадаагүй учраас үр дүн муутай боллоо гэж дүгнэж буй билээ. Иран уран баяжуулах ажлаа бүрэн зогсоох бодолгүй байгаа болохоор түүнтэй хэлэлцээ хийх нь үр дүнгүй гэж Израил үзэж байна.
Р.ЖАРГАЛАНТ