АНУ-ын нууц албадтай холбоотой шинэ дуулиан дэгдсэнийг “Вашингтон пост” сонин лхагва гаригийн орой цахим хувилбартаа мэдээлжээ. Энэ нь Ерөнхийлөгч Барак Обамагийн аюулгүй байдлыг хангадаг байгууллагын удирдах ажилтан хоёр хүнтэй холбоотой аж. Игнасио Самора, Тимоти Барраклоу хоёр ажлаасаа халагджээ.
Самора нь энэ оны тав дугаар сард ажлын бус цагаар Цагаан ордны ойр байдаг “Хей-Адамс” хэмээх зочид буудалд нэгэн эмэгтэйтэй танилцаж, улмаар бүсгүйн өрөөнд шөнийг хамт өнгөрөөсөн аж. Тэгэхдээ ямар нэг шалтгаанаар хүхээндээ нэг сумтай гар буугаа цэнэгтэй нь тэнд орхичихжээ. Үүнийгээ мэдмэгц Самора нөгөө өрөөндөө буцаж орох гэсэн ч эмэгтэй хаалгаа тайлж өгсөнгүй. Самора албан бичиг баримтаа зочид буудлын эрх мэдэл бүхий хүмүүст үзүүлж өөрийг нь тэр өрөөнд оруулахыг шаардсан байна. Тэгтэл зочид буудлынхан түүнийг уг өрөөнд оруулаагүйгээр барахгүй болсон хэрэг явдлыг Цагаан ордонд мэдээлж орхисон гэнэ. Үүнтэй холбогдуулан шалгалт хийхэд Саморагийн утсанд бэлгийн харилцаатай холбоотой агуулга бүхий илгээлт түүний харьяанд ажилладаг нэгэн эмэгтэйгээс ирсэн байжээ. Тэр эмэгтэйд мөн ийм агуулгатай илгээлтийг явуулсан байсан бөгөөд энэ хэргийн эзэн нь мөнөөх Барраклоу байсан гэнэ.
Обамагийн хамгаалалтын албаныхантай холбоотой шуугиан тарьсан бас нэг явдал 2012 оны хавар гарсан байна. Барак Обамаг Колумб улсад айлчлахад хамт явсан нууц албаны 11 ажилтан “Карибе” зочид буудалд биеэ үнэлэгч хүүхнүүд авчирсан аж. Цагаан ордны эзэн тэгэхэд дээд хэмжээний зургаа дахь уулзалтад оролцохоор Колумбад очсон байжээ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан тэр шөнө ихэд хөлчүүрхсэн байв гэнэ. Энэ шуугиант явдалд Америкийн цэргийн алба хаагч 11 хүн ч хутгалдаад амжсан байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тагнуулын байгууллагын удирдлагууд нь авлигын хэрэгт орооцолдон ажлаасаа халагдсан талаар энэ сарын 9-нд мэдээллээ. АНУ-ын стратегийн цөмийн хүчний тэргүүний орлогч, дэд адмирал Тим Гиардинийг казинод тоглох үедээ заль мэх хэрэглэсний учир өнгөрсөн сард огцруулж, цолыг нь бууруулсан юм.