Сүүлийн хоёр жилд мансууруулах бодис худалдаж авч байснаа Канадын Торонто хотын захирагч РобФорд хүлээн зөвшөөрсөн аж. Ийм үйлдэл хийснээр ямар эвгүй байдалд орсноо тэрбээр ойлгож буй ч бүрэн эрхээ хэрэгжүүлэхээ болихыг хүссэн Хотын зөвлөлийн нээлттэй захидлыг үл харгалзан албан тушаалаасаа огцрохоос татгалзаж байгаа гэнэ.
Түүнийг огцруулахыг Хотын зөвлөлийн 43 гишүүний 41 нь дэмжиж санал өгсөн ч энэ зөвлөл хотын захирагчийг ажлаас нь чөлөөлөх эрх эдэлдэггүй юм байна. Нэгэн цахим бичлэгт мансууруулах бодис хэрэглэж буйгаар дүрс нь үлдсэн хүн Фордтой төстэй байснаас түүнийг энэ хэрэгт хардах болсон гэнэ. Уг бичлэгийн эзэд сэтгүүлчдэд түүнийгээ үзүүлжээ. Түүнээс биш уг бичлэг олонд цацагдаагүй бөгөөд одоо цагдаагийн газарт хадгалж байгаа аж.