Оросын “Рособоронэкс порт” төрийн өмчит компаниас “Ми-17” нисдэг тэрэг худалдаж авахаа зогсоохоор АНУ-ын Батлан хамгаалах яам шийдвэрлэжээ. Пентагон ийм шийдвэр гаргасан нь 345 сая доллараар Оросоос 15 нисдэг тэрэг авахаар төлөвлөсөн байсантай нь холбоотой аж. Конгрессийн гишүүд Пен тагоныг “Рособоронэкспорт”-той хамтарч ажиллахыг нэг бус удаа эсэргүүцсэн учир Конгресстой зөвлөлдсөний дүнд ийм наймааг 2014 оны төсвөөс санхүүжүүлэхээс Пентагон татгалзсан байна.
Афганистан дахь цэргийн ажиллагаанд оролцохын тулд Оросоос 15 нисдэг тэрэг худалдаж авахаар урьд нь хийсэн гэрээн дээрээ Пентагон нэмэлт болгож “Ми-17” авахаар оруулсан нь энэ оны тавдугаар сард ил болсон юм. Гэтэл Конгрессийн Төсвийн хороо ийм хөрөнгө гаргахыг долдугаар сарын эцсээр зөвшөөрөөгүй аж. Оросын талаас цэргийн техникийг нэмэгдүүлсэн үнээр аваад байна гэх сэжиг Пентагонд төрсөн байна. Гэхдээ үүнийг мөрдөн шалгаад тогтоочихсон талаар мэдээлэл байдаггүй. Пентагон, “Рособоронэкспорт” хоёрын худалдааны харилцаа АНУ-ын Конгресс болон хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллагын зүгээс шүүмжлэл хүлээж байдаг аж. “Ми-17” нисдэг тэрэг цаг агаарын нөхцөлд нь сайн зохицдог учраас Афганистанд явуулах ажиллагаанд ашиглахаар түүнийг худалдаж авахыг Пентагон ихэд сонирхож байгаа гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ