Энэ жил болсон хамгийн хүчтэй хар салхи “Хаян” Филиппиний хэдэн арван хот тосгодыг сүйтгээд одоо Вьетнам, Хятадын эргийг бусниулж явна. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр “Хаян” хар салхины хурд Филиппиний эрэгт очих үедээ цагт 314 км-т хүрчээ. Филиппиний төв хэсгийн Самар болон Лейт муж “Хаян”-ы аймшигт цохилтод хамгийн түрүүнд өртсөн байна. Цагт 235 км хурдтай салхинд байшингийн дээврүүд хуулагдан, ачааны тэрэгнүүд цаас мэт хийсэхийн зэрэгцээ таван метрийн өндөртэй далайн давалгаа эрэг дагуух тосгод, жижиг хотхонуудыг арчин устгажээ. “Хаян” хар салхинд хамгийн дээд буюу тавдугаар зэрэглэл тогтоосон аж. Нутгийн хүмүүс түүнийг “Иоланда” гэж өөрийнхөөрөө нэрлэжээ. Энэхүү хар салхины уршгаар нас барсан хүний тоо одоо болтол эцэслэн гараагүй байна.
Байгалийн гамшиг, сүйрлийг дүгнэх НҮБ-ын зохицуулах хорооны дарга Себастьян Стамп Лейте мужийн Таклобан хотод очин нөхцөл байдалтай танилцаад “Энэ бол аймшигтай хохирол. Эвдэрч сүйрсэн онгоцны буудлын талбайн орчмоос гэхэд л зуу гаруй хүний цогцос олдлоо. Гудамжаар зүг чигээ алдсан хэдэн зуун хүн уух ус, төрөл төрөгсдийнхөө эрэлд бэдэрч явна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Цаг уурын урьдчилсан мэдээгээр энэ мягмар гаригаас эхлэн ширүүн бороо орох тул аврах ажлыг нэлээдгүй хүндрүүлэх төлөвтэй. Таклобан хотод нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Хотын 80 хувь нь эвдэрч сүйрэн, цэвэр ус болон хүнсний хомсдол нүүрлэхийн зэрэгцээ дээрэм тонуул газар авчээ. Филиппиний Батлан хамгаалах хүчний төлөөлөгчийн мэдээлснээр тус хотын цагдаагийн байгууллагын ажлыг дэмжихийн тулд зуун цэрэг явуулсан аж.
НҮБ-ын төлөөлөгч “Филиппинд олон улсын тусламж дэмжлэг шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэнээр НҮБ өргөн хэмжээний тусламжийн хөтөлбөр эхлүүлээд байгаа агаад гамшигт өртсөн хүмүүсийг нэн шаардлагатай зүйлээр хангахын тулд эхний ээлжинд 25 мянган доллар илгээжээ. АНУ-ын болон Их Британийн цэргийн хүчин аврах болон сэргээн босголтын ажилд оролцохоор Филиппинийг зориод байна. Хятад улс 100 мянган доллар, Австрали есөн сая доллар, Шинэ Зеланд нэг сая долларын санхүүгийн тусламж олгож байгаа бол Израиль, ОХУ зэрэг улс аврагч баг, нүүдлийн эмнэлэг илгээгээд байгаа аж.
Аймшигт хар салхинаас амьд гарсан нэгэн цаасан тавган дээр “Би амьд байгаа” гэж бичээд гарын үсгийн хамт сурвалжлага хийж явсан сэтгүүлчдэд өгчээ. Энэ цаасан тавагны зургийг “Битгий санаа зов. Бид зүгээр”, “Авга эгч ээ, бидэнд тусламж хэрэгтэй байна. Бид амьд гарсан ч байшин маань нурчихсан”, “Бид бүгд амьд гарлаа. Хэрэв та Чибугаас ирсэн Эсмиральдаг таньдаг бол Жина Лианза нар амьд гэж дамжуулаарай” гэх мэт олон арван зурвасын хамт Филиппиний “GMA News” телевизийн сувгаар цацаж, интернэтэд байрлуулсан байна.
Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акино энэ сарын 13-нд хийсэн мэдэгдэлдээ “Хаян” хар салхины уршгаар нас барсан хүний тоо таамаглаж байснаас бага гарч магадгүй байна. Анхлан яригдаж байсан 10 мянга гэсэн тоо орон нутгийн цагдаагийн офицероос гарсан агаад үнэнд нийцэхгүй мэдээлэл юм. Энэ бол гамшгийн төвд байж сэтгэл зүйн шоконд орсон хүний амнаас гарсан тоо гэдгийг бид ойлгох ёстой. Гэхдээ 29 суурин газраас амь үрэгдэгсдийн тоо ирээгүй байна” гэжээ. Одоогийн байдлаар 1798 хүн нас барж, 2582 хүн бэртэж, 82 хүн сураггүй болсон гэсэн албан ёсны мэдээ байгаа аж.
Н.ЭНХТҮВШИН