ХКН-ын Төв хорооны III бүгд хурлын шийдвэрээр Хятадад Улсыг аюулаас хамгаалах хороо байгуулахаар болов. Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах тогтолцоо, стратегийг боловсронгуй болгоход энэ Хороо тус болно гэж Засгийн газар найдаж байна гэж Бүгд хурлын албан мэдээнд өгүүлжээ. Урьд нь Хятадад Нийгмийн аюулгүй байдлын, Төрийн аюулгүй байдлын гэсэн хоёр яам байсан аж.
Сүүлийн үед тус оронд болсон эмгэнэлт явдлуудын улмаас ийм Хороо байгуулах шаардлага урган гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-нд амиа золиослогчид машинаар жуулчдын дундуур зүсэн орж Моа Цэдуний хөрөг бүхий Тэнгэрийн энх амгалангийн хаалга руу нэвтрэхийг оролдсон юм. Түүнчлэн Шаньси мужийн төвТайюан хотод КН-ын хорооны байрны дэргэд энэ сарын 6-нд найман удаа дэлбэрэлт болсон. Эдгээр алан хядах ажиллагааг тус оронд оршин тогтнож буй улс төрийн байгууламж, үндэсний эв нэгдэлд учрах аюул нэмэгдэж байгаагийн илрэл гэж Хятадын удирдлага үзэж буй юм. Тус Бүгд хурал ойрын арван жилд хэрэгжүүлэх эдийн засгийн өөрчлөн байгуулалтын хөтөлбөрийг танилцуулжээ.
Дэлхийд хоёрт орж буй том эдийн засгийг хөгжүүлэхэд зах зээл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Эндээс түгээсэн мэдээллээр бол Хятадын удирдлага 2020 он гэхэд улс орныхоо эдийн засгийг дорвитой үр дүнд хүргэсэн байхаар төлөвлөж буй юм байна. Гурван арван жил эрс хурдтай өсөж байсан эдийн засгийн хэмнэл нь удааширч эхэлж буйгаас үүдэн тус улсын дарга Си Жиньпин, Ерөнхий сайд Ли Кэцян нар эдийн засгаа хөгжүүлэх шинэ хөшүүргийг олохыг хичээж байгаа аж. Хятадын аж үйлдвэр өрөнд баригдаж, өрсөлдөх чадвар нь буурч байгаа гэнэ.
Өнгөрсөн онд тус улсын эдийн засгийн өсөлт 7.7 хувь байсан нь сүүлийн 13 жилийн хамгийн доогуур үзүүлэлт юм байна. ХКН-ын Төв хорооны энэ III Бүгд хурлыг өөрчлөлт, нээлттэй байдлыг Дэн Сяопин тунхагласан 1978 оны Бүгд хуралтай Хятадын хэвлэлүүд зүйрлэж байна.
Р.ЖАРГАЛАНТ