Умард Солонгост 80 орчим хүнийг олны нүдний өмнө цаазалсан гэнэ. Тэдний ихэнх нь өмнөд Солонгосын олон ангит кино үзэж, бусад нь садар самуун явдлыг түгээсэн хэргийн учир ийм шийтгэл хүлээсэн байна. Цаазлах ажиллагааг энэ сарын 3-нд долоон хотод явуулсан бөгөөд хот тус бүрт 10 хүнийг егүүтгэсэн аж. Эднээс найман хүнийг тус улсын зүүн хойд нутагт орших Вонсан хотод 10 мянган хүний нүдэн дээр цаазалжээ. Эндхийн хүмүүсийн ярьснаас үзвэл цаазлуулах хүмүүсийн толгойд хүүдий углаад гал нээсэн гэнэ. Цаазлагдсан хүмүүсийн төрөл төрөгсдийг хорих лагерь руу илгээсэн аж. Цаазлах ялыг энд шашны үйл ажиллагаа, гар утас ашигласан, хүнсний зүйл хулгайлсан зэрэг хэрэгт ч оноодог гэнэ. Ийм залхаан цээрлүүлэх ажиллагааг гол нь олон түмнийг айдас хүйдэст автуулах зорилгоор явуулдаг байна.
Одоогийн удирдагч Ким Жөн Уны нууц амраг нь байсан дуучин Хён Сон Воль болон “Тэнгэрийн заадас” хамтлагийн хөгжимчдийг өнгөрсөн наймдугаар сарын эцсээр олны өмнө хөнөөснийг сануулъя. Жүжигчид өөрсдийн садар самууныг сурталчилсан бичлэгээ Хятадад борлуулсан учир ийм залхаалт хүлээсэн юм. Умард Солонгосын дуучин Хён Сон Волийн нэр дөнгөж жил гаруйн өмнөөс Ким Жөн Уны хурим, тэднийд анхны хүүхэд төрсөн үеэс л Өрнөдөд дуулдаж эхэлсэн билээ. Тэр үед Хён Сон Волийг Ким Жөн Уны нууц амраг гэх мэдээлэл тархсан юм. Энэ явдал арав гаруй жилийн өмнө болсон бөгөөд эцэг Ким Чен Ир нь тэднийг хоёр тийш болохыг шаардсан гэдэг. Дараа нь Хён Сон Воль нэгэн офицертой суусан гэх яриа бий.
Албан ёсны мэдээгээр бол Ким Жөн Ун ирээдүйн гэргийтэйгээ 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд шинэ жил тэмдэглэх үеэр танилцсан аж. Тэд 2012 оны зун гэрлэсэн байна. Эднийх одоо хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн оны эцсээр эцэг Ким Чен Ирээ өөд болсны дараа Ким Жөн Ун төрийн эрх барих болсон юм. Ким Ир Сен, Ким Чен Ир нарын төрсөн өдрийг Умард Солонгост төрийн баяр болгон тэмдэглэдэг байна.