Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Женевт болсон хэлэлцээ зөвшилцөлд хүрэлгүй өндөрлөлөө гэж уг арга хэмжээнд оролцсон Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдсэн байна. “Бид зорилгодоо хүрэх дөхсөн ч шийдээгүй асуудлууд үлдсэн учир зөвшилцөлд хүрч чадсангүй” гэж тэрбээр хэлжээ.
“Ираны цөмийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар хамтран ажиллах үндсийг Женевт болсон яриа хэлэлцээ тавилаа. Цагийг дэмий үрсэнгүй” хэмээн ОХУын Гадаад харилцааны сайд Сергей Лавров тэмдэглэсэн байна. Энэ бүхэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “тэргүүлэх үүрэг гүйцэтгэлээ” гэж Сергей Лавров онцолжээ.
Дараагийн уулзалт яриа хэзээ болохыг ойрын үед зарлах гэнэ. Энэ хугацааг Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудлаарх дээд төлөөлөгч Кэтрин Эштон “арваннэгдүгээр сарын 20” гэж товлосон байна. Орос, Америк, Англи, Франц, Хятад, Герман улс ордог Ираны цөмийн асуудлаарх “Их зургаа”- гийн энэ удаагийн уулзалт гурав хоног үргэлжилсэн юм. Тегеран цөмийн хөтөлбөрөө энхийн шинж чанартай гэж зүтгэж буй ч түүнийг цөмийн зэвсэгтэй болох гэж байна хэмээн Өрнөдийн зарим орон хардаж байна.
АНУ болон Европын холбоо Ираныг уран баяжуулахаасаа татгалзаж, Олон улсын цөмийн энергийн агентлаг (МАГАТЭ) –ийн өмнө үйл ажиллагаагаа бүрэн нээлттэй болгохыг шаардан эдийн засгийн хориг арга аваад байгаа билээ.
Р..ЖАРГАЛАНТ