Өөрсдөд нь Оросын цагдаа нар хэтэрхий зүй бус хандсан хэмээн Сочид ирээд байгаа Норвегийн сэтгүүлчид үзэж гомдол гаргажээ. Норвегийн TV2 сувгийн сурвалжлагч Эйстен Боген, зураглаач Огге Эюн нарыг ОХУ-ын ДЯЯ-ны ажилтнууд гурав хоногийн хугацаанд зургаан удаа саатуулсан байна. Гурван удаад нь цагдаагийн хэсэг дээрээ аваачсан гэнэ. Саатуулах бүртээ сэтгүүлчдийг байцааж ямар зорилгоор ирснээ хэлэхийг шаардсан аж. Тэгэхдээ цагдаагийн ажилтнууд хувийн амьдрал, эзэмшсэн боловсрол, шашин шүтлэгтэй нь холбоотой асуултыг Норвегийн сэтгүүлчдэд илүүтэй тавьж байжээ.
Норвегийн сэтгүүлчид эхлээд Майкоп хотод ирээд тэндээсээ Сочи, Туапсе руу машинаар явсан гэнэ. Эдгээр хот тус бүрт сэтгүүлчдийг саатуулж, мэдүүлэг авсан байна. Майкоп хотод сэтгүүлч Богенийг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхээ шалгуулахыг шаардахад нь татгалзсан чинь “энэ бол буруутайгаа хүлээж буй хэрэг” хэмээн цагдаагийн ажилтан хэлжээ. Хэсэг хугацааны дараа “эндүү явдал болжээ” гээд сэтгүүлчдийг явуулсан байна. Сэтгүүлчдийн ярьснаас үзвэл тэднийг ийнхүү байн байн саатуулаад байгаа нь санамсаргүй явдал биш бөгөөд тэдний нэр “хар жагсаалт” гээчид орсон байгаатай холбоотой гэж цагдаагийн ажилтнууд хэлжээ.
Ийм мэдээллийг тэдний замд тааралдах бүх постод тараасан байсан гэнэ. Боген нь 1995 оноос Орост, тэр дундаа Умард Кавказад ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн ийм харилцаа, хандлагатай нүүр тулгарч байгаагүй гэнэ. “Сочи” төслийг зохиогчдын нэг, Голландын фото зурагчин Роб Хорнстрыг Орос руу нэвтрэхийг энэ оны есдүгээр сарын эцсээр мөн зөвшөөрөөгүй аж.
Р.ЖАРГАЛАНТ