Нью-Йоркт амьдардаг сэтгүүлч, Пулитцерийн шагналт Льюис Килзер 13 жилийн өмнө “Гитлерээс урвагч” гэсэн ном бичиж, германчуудын довтолгооны “Цитадель” төлөвлөгөөг 1943 оны хавар Зөвлөлтийн тагнуулд дамжуулсан зард гарсан тагнуулч Вертер гэдэг чухам хэн байв гэсэн асуудлыг хөндөж тавьсан юм.
АНУ-ын Батлан хамгаалах яамны архивт байгаа нацистын тусгай албадын нууц материалуудыг үзэж байгаад Килзер шуугиан тарьсан дүгнэлт хийсэн байна. Түүний бодлоор Вертер нь герман үндэстний хоёрдугаар хүн, намын ажлаар Гитлерийн орлогч Мартин Борманаас өөр хэн ч биш гэнэ.
Чухамхүү Вертер л “Барбаросс” төлөвлөгөөний нарийн ширийнийг Москвад задалж, ЗХУ руу Германы довтлох өдрийг 1941 оны зургадугаар сарын 22 гэж яг таг хэлжээ. Түүний олсон чухал мэдээллүүд Гитлерийнхээс өмнө Сталины ширээн дээр байдаг байж.
Борман нь машид сайн өнгөлөн далдалсан Зөвлөлтийн тагнуул байжээ гэсэн санаанд оромгүй мэдээллийг Абверийн хошууч генерал байгаад хожим нь ХБНГУ-ын тагнуулын байгууллагын удирдагч болсон Рейнхард Гелен 1963 онд хийснээр барахгүй өөрийн дурсамждаа үүнийгээ нотолсон байна. Тэрбээр “Берлиний ойролцоо байх зоогийн газарт Абверийн тэрг үүн адмирал Канарис бид хоёр нууцаар уулзан, ярилцахдаа Зөвлөлтийн тагнуулчдын ажиллагаа үнэхээр мундаг байна. Германы дээд удирдлагын дунд болдог бүхий л яриа хөөр өөг тэд тэр дор нь мэдчих юм. Оросуудад хэн мэдээлэл өгөөд байна вэ гэж гайхдаг байв. Мэдээллийг Борманы өрөөнөөс шууд Москва руу дамжуулж байдгийг 1943 оны арваннэгдүгээр сард олж тогтоосон. Гитлерийн хамар доороос дамжуулж байж шүү дээ. Гэвч Борманы араас мөрдөж мөшгинө гэдэг миний хувьд ч, Канарисын хувьд ч тамлуулан байж амиа алдахтай дүйх явдал байв. Тэгээд ч гурван сарын дараа адмирал албанаасаа огцорч, 1944 оны долдугаар сард баривчлагдаад Германыг бууж өгөхөөс сарын өмнө цаазлуулсан аж.
Түүний доогуур Канарис ухаж төнхөөд байгааг Борман мэдсэн байж ч болох юм. Оросын тагнуулын байгууллага тэр үед хамгийн шилдэг нь байсан болохоор Борманыг элсүүлж авахад түвэгтэй юм огт байгаагүй” гэж номондоо бичсэн нь бий. Мартин Борманы хүү ч Гелений энэ номын тухай сонссон төдийгүй тэр даруй ахтайгаа уулзаж “Энэ үнэн гэж үү. Аав маань оросуудын талд ажиллаж байсан хэрэг үү, гэтэл ээж, бид хоёр юу ч мэдэхгүй байдаг” хэмээн хашгирах шахам хэлэхэд ах нь ч тэр талаар өөрийн бодолтой болчихсон байсан аж. Тиймээс “Гелен болон Вермахтын бусад олон генерал америкчуудад зарц мэт үйлчилж байсан юм. Өөрсдөөс нь илүү муу хүн байсан гэж нотлох нь тэд ёс суртахууны хувьд өөрсдийгөө цагаатгах арга нь болох байсан тул Борман Оросын тагнуул байсан мэт яриаг бий болгосон хэрэг. Эцэг маань Адольф Гитлерт бурхан мэт итгэж байсан. Берлинийг Зөвл өлтийн цэрэг эзлэхээс гурван долоо хоногийн өмнө “Герман ялна. Арслан үхэж байхдаа ч савраараа үхлийн цохилт өгч чаддаг юм” гэж надад хэлж байсан гэсэн байна. Аливаад шалтаг байдгийг мэдэх болохоор Мартин Борманы хүү “Гитлерийн хүрээлэл дундаас хэн нэг нь оросуудтай холбоо тогтоохыг оролдож байсныг үгүйсгэх аргагүй. Тэгээд л ийм үлгэр домог зохиосон байх” гэж бодож явдаг байна.
Москвагийн Введенийн оршуулгын газарт “Martin Bormann. 1900- 1973” гэсэн бичээс бүхий шарил байхыг 20 жилийн өмнө гэнэт олсон нь хуйвалдаан байжээ гэдэгт итгэдэг хүмүүсийн бодолд гал дээр тос хийх мэт болсон аж. Герман үндэстний хоёрдугаар хүн 1900 онд төрсөн юм байна. Тэгснээ шарил бас хачирхалтай байдлаар алга болжээ. Энэ явдал нь Борман Москвад ирсэн бөгөөд Сталины зусланд амьдарч байсан тухай цуврал нийтлэл бичигдэх шалтгаан болсон байна.
Геленээс гадна Вертерийн нэрийг бас нэг хүн хэлсэн нь ЗХУ-ын маршал Андрей Еременко юм хэмээн түүхийн шинжлэх ухааны доктор Эмиль фон Майербах ярьсан байдаг. Вертер гэдэг нь Мартин Борман гэж маршал үзэж байжээ. Нацистуудын архивыг судалсан америкчуудад ч ийм бодол түгээмэл байдаг аж.
1969 оны нэгэн баримтаас үзвэл Борманыг 30 жилийн өмнө Зөвлөлтийн тагнуулын байгууллага элсүүлээд Германы Коммунист намын тэргүүн Эрнст Тельманы шийдвэрээр Гитлерийн үүр рүү нэвтрүүлсэн гэдэгт эргэлздэггүй офицер Зүүн Германы тусгай албанд байжээ. Энэ офицер америкчуудад мэдээлэл дамжуулдаг байж.
Итгэхэд түвэгтэй юм цөөнгүй байгаа ч баримтыг үгүйсгэх аргагүй. Вертер гэдэг тагнуулч яалт ч үгүй Гитлерийн хамгийн ойрын хүрээлэлд ажиллаж байжээ. Тэр хүн Фюрерийн дотнын нөхөр байсан, эсвэл гуравдугаар Рейхийн сайд нарын нэг байсан гэдэгт эргэлзэх юмгүй. Хэрэв Борман үнэхээр ЗХУ-тай хамтарч ажиллаж байсан бол энэ нь хар амиа бодсон явдал байж таарахгүй. Гэтэл Борман хүйтэн цэвдэг, харгис хэрцгий, ичгүүр сонжуургүй хүн байсан. Рейх ялна гэдэгт итгэхгүй байсан учраас Германы национал -социалист намын хөрөнгийг хилийн чанад руу шилжүүлэх асуудлыг 1944 оны наймдугаар сард тэрбээр тавьж байсан юм билээ. Яаж ийгээд амьд мэнд үлдэхийг л тэр бодож байсан гэлтэй. Ийм хүн бусдын төлөө ажиллаж байсан гэхэд итгэхэд бэрх.
Тагнуулч Вертер гэдэг хүний тухай үнэнийг Дэлхийн II дайны нууц архив бүрэн хэмжээгээр ил болсон нөхцөлд л олж мэдэж болох байх. Тэр цаг ойргүй биз. Яагаад гэвэл Рудольф Гесс Британи руу онгоцоор зугтсан тухай баримтыг арай гэж 2045 онд олны сонорт хүргэх юм гэсэн.
Р.ЖАРГАЛАНТ