“Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэгт хийсэн шалгалтын дүнд хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн, нуун дарагдуулсан 200 албан хаагч ажлаасаа халагдлаа” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов Авлигатай тэмцэх зөвлөлийн хурлын дараа хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Түүний хэлснээр 2012 онд ОХУ-д хөрөнгө орлогын мэдүүлгийг 1.3 сая албан хаагч өгч байсан бол 2013 онд энэ тоо 1.5 саяыг давжээ. Учир нь шинэ хуулиар төрийн оролцоотой банк болон компаниудын ажилтнууд мөн адил мэдүүлэг өгөх ёстой болсон аж. 2013 оны эхний хагас жилд хөрөнгө орлогын мэдүүлгийн үнэн зөвийг шалгасан олон зуун шалгалт явуулсан агаад 3000 албан хаагч хуулийн хариуцлагад татагдаж, 200 хүн ажлаасаа халагджээ.
“Манай улсын төрийн албан хаагчид гадаадад данс болон ямар ч хэлбэрийн хөрөнгөтэй байж болохгүй гэсэн журам гарсныг та бүхэн санаж байгаа байх. Гэсэн ч 600 хүн гадаадад данстай гэж мэдүүлэг өгсөн. Мөн энэ журамтай холбогдон хэд хэдэн хүн ажлаасаа халагдах өргөдөл өгсөн” хэмээн Сергей Иванов мэдэгдээд Харилцаа холбооны дэд сайд асан Денис Свердловыг жишээ татжээ.
“Дэд сайд Свердлов гадаад дахь хөрөнгөнөөсөө татгалзахыг хүсээгүйгээс албан тушаалаа орхисон нь тухайн журам сайн үйлчилж байгааг харуулж байна. Денис Свердловын сонголтыг бид ойлгож байгаа” гэж ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.