Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зохицуулсан Хартийг Английн хатан хаан II Элизабет лхагва гаригт сайшаасан байна. Уг Хартийг Букингемийн ордонд болсон хатан хааны дэргэдэх Нууц зөвлөлийн хурлаар баталжээ. Энэхүү хуралд хатан хаанаас гадна Нууц зөвлөлийн гишүүн сайд нар, түүний дотор Ерөнхий сайдын орлогч Ник Клегг, Соёлын сайд Марио Миллер нар оролцсон аж. Британийн “шар” хэвлэлийг буруугаар ашигласантай холбоотой сүр дуулиантай хэрэг мандсанаас үүдэж хэвлэлүүд ёс зүйн хэм хэмжээг мөрдөх явдлыг хүчтэй болгоход чиглэсэн Харти гаргах шаардлага үүссэн байна.
Мэдээллийн магнат Руперт Мэрдокийн мэдэлд байдаг “Ньюс оф уорлд” сонины ажилтнууд 2011 онд улстөрчид болон нэр алдартай хүмүүсийн утсыг чагнасан хэрэг гарсан юм. Энэ хэргийн золиос болсон хүмүүсийн дотор хатан хааны ач хүү хунтайж Уильям, Гарри, бэр Кейт Миддлтон, Ерөнхий сайд байсан Тони Блэйр, Гордон Браун, “Битлз” хамтлагийн гишүүн байсан Пол Маккартни, жүжигчин Сиенна Миллер, Жуд Лоу, Хью Грант, хөлбөмбөгчин Райан Гиггз болон бусад хүмүүс багтсан байна.
Сониныхоо тоо, уншигчийг нэмэгдүүлэхийн тулд сэтгүүлчид нь хулгайлагдаад гаж донтны гарт амиа алдсан 13 настай охины яриаг ч сонсож байжээ. Утасны яриа чагнах, шуугиан дуулианы хойноос хөөцөлдөх зэрэг хууль бус үйл ажиллагааг Британийн бусад “шар” хэвлэлийнхэн ч явуулдаг байсан нь илэрч эрүүгийн хэрэг үүсгэсэн удаа бий аж. Мэрдокийн сонины ажилтнуудын хэргийг одоо Лондоны шүүх шалгаж байна. Тэдгээр ажилтны дотор “Ньюс оф уорлд” сонины ерөнхий редактор байсан Ребек Брукс, Энди Коулсон нар орсон байна. Энди Коулсон нь 2010-2011 онд Ерөнхий сайд Дэвид Кэмероны хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн зөвлөх нь байсан аж.