Нью-Йорк хотын зөвлөл 21-ээс доош насны иргэдэд энгийн болон электрон тамхи худалдахыг хориглох санал дэвшүүлжээ. Урьд нь тамхи худалдан авахыг зөвшөөрөх насны доод хэмжээг 18-аар хязгаарладаг байсан аж. Хэрэв энэхүү төслийг Хотын захирагч дэмжиж, баталбал насны хязгаарыг хамгийн өндөр тогтоосон анхны том хот нь Нью-Йорк болох аж. АНУ-ын хэмжээнд 18-аас дээш насныханд тамхи борлуулахыг зөвшөөрдөг ч зарим мужид зөвхөн 19-өөс дээш насныханд л худалддаг байна. Нью-Йорк хотын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчийн өгүүлснээр зөвлөлийн 35 гишүүн дэмжсэн энэхүү саналыг хотын захирагч Майкл Блүүмбэрг сайшааж, баталбал түүнээс 180 хоногийн дараа хууль хэрэгжиж эхлэх гэнэ.
Зоогийн болон цэнгээний газар зэрэгт тамхи татахыг хориглосон анхны хот нь мөн л Нью-Йорк бөгөөд анхандаа үүнийг шүүмжилж байсан ч дараа нь энэхүү хууль өрнөдийн хотуудад ч хэрэгжиж эхэлсэн аж. Түүнээс гадна АНУ-ын тамхины татвар ч хамгийн өндөрт тооцогддог гэнэ. Тамхи худалдан авахыг зөвшөөрсөн насыг нэмэгдүүлснээр 18-20 насны, тамхи татдаг хүмүүсийн тоог 55 хувиар бууруулах боломжтой хэмээн эрх баригчид үзэж буй аж. Сүүлийн 10 жилд тамхи татдаг, насанд хүрэгчдийн тоо эрс буурсан ба 2002 онд 21.5 хувьтай байсан бол 2011 онд 14.8 хувь болж цөөрчээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН