Израилийн Кнессет (Парламент)- ийн тэргүүн Юлий Эдельштейн Израильд айлчлах үедээ Парламентын чуулган дээр биш их сургуулийн лекцийн танхимд дэлгэрэнгүй үг хэлсэн Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг хатуу шүүмжлэв. Эдельштейний үзэж буйгаар бол Олланд Израилийн Парламентад хүндэтгэлгүй хандсан тул түүнд ч мөн ингэж хандах нь зүйд нийцэх гэнэ. Израиль улс хийгээд түүний Кнессетийн нэр хүндийг хамгаалах, түүнийг “гутлын алчуур” мэт болгохгүй, “Парламентыг хайхрахгүй, ардчиллыг үл тоох” явдлыг гадаадын хүмүүст зөвшөөрөхгүй гэдгээ Эдельштейн амлажээ. Олландын хийсэн алхамд хариу болгож тэрбээр оюутнуудын өмнө үг хэлэх бөгөөд тэр үедээ Израильд суугаа Францын Элчин сайдыг ч, Францын албан ёсны бусад хүмүүсийг ч урихгүй аж.
Францад айлчлах үедээ Барак Обамаг Парламентын чуулган дээр үг хэлээгүйд чимээгүй өнгөрсөн мөртөө Олландын ижил төстэй үйлдэлд тэгтлээ бухимдаад буйн учрыг сэтгүүлчид Эдельштейнээс сонирхоход, Обамагийн алхамд сэтгэл дундуур байсан ч тэр үед сонгуулийн дөнгөж дараахан Кнессет “төвхнөөгүй” байснаас биеэ барьсан гэж хариулсан байна. Израилийн Парламентын тэргүүн Юлий Эдельштейн Украин, Румыний хилийн заагт орших Черновад төрж, Костромд сургуульд сурч байжээ. Тэрбээр Москвагийн гадаад хэлний сургуулиас хөөгдөж, “мансууруулах бодис хадгалж, хэрэглэсний учир” шоронд сууж байсан бөгөөд дараа нь Израильд цагаачилж улмаар барууны чиг баримжаатай улстөрч болсон байна.
Р..ЖАРГАЛАНТ