“Forbes” сэтгүүлд жил бүр нийтэлдэг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлжээ. Өнгөрсөн онтой харьцуулбал Путин хоёр байраар урагшилж Обамаг ухраасан байна. Хятадын удирдагч Си Жинпин гуравдугаарт орсон бол нэг жилийн өмнө хоёрт орж байсан ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель тав руу ухарсан аж. Ромын хамба лам Франциск түүний өмнө “гишгэжээ”. Тус сэтгүүлийн тайлбар өгүүлэлд бичсэнээс үзвэл сүүлийн нэг жилд Путин Орос орондоо тавих хяналтаа бэхжүүлж чадсан бол Обама хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дөнгөж эдэлж эхэлж буй хүний хувьд харин эрт байр сууриа алдсан байна.
АНУ-ын нууц албанаас зугтан Орост ирж чадсан Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноудений эргэн тойронд өрнөж буй үйл явдал, Сирийн химийн зэвсгийн асуудлаар болсон яриа хэлэлцээ, түүний явцад Дамаскад цэргийн үйл ажиллагаа явуулах гэсэн Вашингтоны шийдвэрийг Москва зогсоож чадсан зэрэг нь “Forbes” сэтгүүлийн сонголтод нөлөөлсөн нь эргэлзээгүй. Нэрсийн жагсаалтад дөрвөн орос хүн багтсан байна. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 53-т, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин 60-д, бизнесмен Алишер Усманов 63-т оржээ. Медведевийн байр наймаар, Усмановынх дөрвөөр урагшилсан байна. Путин өнгөрсөн онд Обама, Меркель хоёрын дараа орж байсан юм.