Бээжин хотын алдарт Тянь Аньмэний талбайд машинтай этгээд хүн олноор цугларсан хэсэг рүү дайрч орсны улмаас таван хүн нас барж, 38 хүн гэмтсэн талаар Хятадын хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэг гарсны дараа хүмүүсийг гарган, талбайг хаасан аж. Интернэтэд галд автсан машин болон Тянь Аньмэний талбайд бөөн хар утаа суунаглаж байгаа зураг тавигдсан байна.
1989 оны оюутны эсэргүүцлийн үеэр Тянь Аньмэний талбайд 241 хүн нас барсан гэсэн албан ёсны мэдээ байдаг. Албан бус мэдээгээр мянга гаруй ч гэдэг. Уг талбай Хятадын төр засгийн албан байгууллагуудтай ойролцоо оршдог тул өндөр хэмжээний хамгаалалтад байдаг агаад ямарваа нэгэн жагсаал цуглаан явуулахыг хориглодог. Гэсэн хэдий ч үе үе иймэрхүү хэрэг гарсаар байдаг аж.
2009 онд гурван хүн талбайн дэргэдэх замын уулзвар дээр машинтайгаа өөрсдийгөө шатаасан бол 2011 онд Мао Зедуний том хөргийн хажууд нэг хүн зулын гол болсон юм.