АНУ-ын тусгай албадын нууцаар чагнах үйл ажиллагаанд өртсөн дэлхийн улс орнуудын 35 удирдагчийн дотор Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь багтсан эсэхэд хариулт өгөхийг АНУ-аас Өмнөд Солонгосын Засгийн газар хүссэн байна. “Ердийн нэг тагнах явдлын тухай биш, Улсын маань Төрийн тэргүүний яриаг чагнасан талаар ярьж байгаа учраас бид нухацтай хандаж байна” гэж Өмнөд Солонгосын дипломатч хэлжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрээр энэ асуудлыг нягталж байгаа гэж Цагаан ордон мэдэгдэв.
Дэлхийн 35 орны удирдагчийн утсан харилцааг АНУ-ын тагнуулын албад чагнаж байсныг ТТГ-ын ажилтан байсан Эдвард Сноуден олон түмэнд ил болгосон юм. Өөрийнх нь улсын удирдлагын яриаг Америкийн тусгай албад чагнаж тагнаж байсан, эсэх асуудлаар тайлбар өгөхийг Норвеги улс АНУ-аас бас шаардав. “Вашингтонд суугаа манай ЭСЯ Америкийн эрх баригчидтай холбогдож энэ асуудлыг сонирхсон” гэж Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульберг мэдэгдэв. Иймэрхүү тагнуулын үйл ажиллагааг хязгаарлах тухай НҮБ-ын тогтоолыг дэмжих боломжийг бид хайж байна гэж Норвегийн ГХЯ-ны тэргүүн мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сурвалжлагчидтай ярилцахдаа мэдээллийг замаас нь олзлох Америкийн тагнуулын байгууллагын хүчин чадал зохих хяналтад байгаа эсэхэд итгэх нь чухал гэж мэдэгдсэн байна. Гадаадын иргэдийн яриаг бөөн цөөнөөр нь чагнаж байсантай холбоотой гэмт хэргийн төвд Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг байгаа юм. Америкийн тусгай албадын цуглуулах мэдээлэлд хязгаар тавихаа үгүйсгэхгүй гэдгээ эрх баригчид нь мэдэгдэж байгааг Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни сэтгүүлчдэд мэдэгдэв. Үүний зорилго нь тагнуулын мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа “нэг л биш байгаа” эсэхийг нотлох явдал аж.
Тус улсын нууц албадын талаарх мэдээллийг олон түмний сонорт хүргэхдээ хүлээцтэй хандаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байхыг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон хэвлэл, мэдээллийнхэндээ хандаж уриаллаа. Ингээгүй тохиолдолд өөрийн хүсээгүй эрх зүйн хорио хязгаар тогтоохоос татгалзахад түвэгтэй болох аж. Чухам энэ асуудлаар Ерөнхий сайд Камерон Парламентад үг хэлсэн нь АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден сэтгүүлчдэд дамжуулсан мэдээллийг “Guardian” сонинд нийтэлснээс үүдэлтэй юм байна.
Р..ЖАРГАЛАНТ