Туркийн султаны мөрөөдөл 150 жилийн дараа биелж, хоёр тивийг холбох дэлхийн далайн гүний анхны нүхэн гарцыг тус улс өнөөдөр нээхээр зэхэж буй талаар AFP мэдээллээ. Ази, Европ тивийг дамнан оршдог Истамбул хотод өрнөж буй эл бүтээн байгуулалт нь Босфорын хоолойг гатлах бөгөөд энэхүү төслийг анх Османы эзэнт гүрний султан Абдул Меджид 1860 онд санаачилж байсан ч технологи болон хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүйгээс бүтэлгүйтсэн аж. Истамбул хотын захирагч асан, Туркийн Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган 2004 онд уг төлөвлөгөөг дахин сөхөж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлжээ. Хэдийгээр өнөөдөр албан ёсны нээлт хийх ч барилгын ажил хараахан дуусаагүй тул төмөр замын нүхэн гарцыг ашиглалтад бүрэн хүлээн авахгүй гэнэ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нээлтийн ёслолд оролцох бөгөөд гурван тэрбум еврогоор бүтэж буй уг төсөлд Японы Төвбанк 735 сая еврогийн хөрөнгө оруулсан аж. Босфорын хоолой доорх, далайн ёроолоос 50 метрийн гүнд орших уг нүхэн гарц нь 13.6 км урт бөгөөд анх дөрвөн жил барина хэмээн тооцоолсон ч археологийн томоохон олдворууд илэрснээр хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан байна. Византын үед хамаарах 40 мянга гаруй олдвор тэндээс олджээ. 15 сая хүн ам бүхий Истамбул хотод авто замын түгжрэл нь тулгарч буй томоохон бэрхшээлүүдийн нэг бөгөөд Босфорын хоолойг тэгнэсэн хоёр гүүрэн гарцаар өдөрт хоёр сая хүн зорчдог аж.
“Хотын зүүн, баруун хэсгийг холбосон тээврийн шинэ шугам нээснээр түгжрэл 20 орчим хувиар багасах болов уу гэж найдаж байна. Уг төмөр замын нүхэн гарцаар нэг цагт 150 мянган хүн зорчих боломжтой” хэмээн Истамбулын захирагч Кадир Топбашем өгүүлжээ.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ