Колумбын хувьсгалт Зэвсэгт хүчний зүүн радикал бүлэглэлийн дайчид хэдэн сарын өмнө барьцаалсан АНУ-ын иргэн Кевин Скотт Сатейг суллав. Энэ үйлсэд хүчин чармайлт гаргасан Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантост АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри талархал илэрхийлжээ. Кевин Скотт Сатей энэ оны зургадугаар сарын 20-нд олзлогдсон юм. Тэнгисийн явган цэрэг байсан тэрбээр Өмнөд Америкийн орнуудаар аялж яваад Колумбын эрх баригчид анхааруулсаар байхад босогчид үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийг зорьсон байна.
Колумбын хувьсгалт Зэвсэгт хүчний зүүн радикал бүлэглэлийн удирдагчид Сатейг бүр долдугаар сарын дундуур суллах гэсэн боловч барьцаалагдагчийг Колумбын Сенатын аль нэг гишүүнд хүлээлгэж өгөх, тэгэхдээ хэвлэл мэдээллийнхэнд зориулж шоу хийхгүй байх гэсэн дайчдын болзлыг Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос хүлээн аваагүйгээс хойшлогдсон байна. Сатейг суллуулах тухай яриа хэлэлцээнд хожим нь Куба, Норвеги улс, Олон улсын улаан загалмайн байгууллага ч нэгдсэн аж.
Колумбын хувьсгалт Зэвсэгт хүчний зүүн радикал бүлэглэлийн дайчид бүр 1960 оноос Засгийн газрынхаа эсрэг зэвсэгт тэмцэл хийж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 200 гаруй мянган хүний амь үрэгдээд байна. 2012 оны арваннэгдүгээр сараас талууд Куба улсын нутаг дэвсгэр дээр энхийн хэлэлцээр хийж буй юм.
Р..ЖАРГАЛАНТ